БУСДАД ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЗАМААР ШИНЭ ПАСПОРТ ЯАРАЛТАЙ ЗАХИАЛАХ АРГА
Танд шинэ паспорт яаралтай захиалах шаардлага бий бол Монгол Улсад оршин суугаа хүнд итгэмжлэл олгох замаар захиалгыг шуурхай гүйцэтгүүлэх боломжтой. Шинэ паспортыг итгэмжлэлээр захиалж буй иргэд эхлээд итгэмжлэлийн маягт бөглөн Монголд хүлээн авах хүнд итгэмжлэл олгон дараа нь шинэ паспорт гаргуулаад тухайн хүнээрээ дамжуулан олон улсын буухиа шуудангаар хүлээн авч байгаа.
Итгэмжлэл олгох замаар Улаанбаатар хотод паспорт захиалуулах тохиолдолд таны итгэмжлэлийг манай консулын ажилтан Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар руу илгээдэг. Таны итгэмжлэгдсэн хүн уг итгэмжлэлийг Консулын газар өөрийн биеэр очиж хүлээн аваад Улаанбаатар хот дахь Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт хандан таны өмнөөс танд шинэ паспорт захиалах юм.
Ийнхүү итгэмжлэлээр паспорт захиалж байгаа тохиолдолд шинэ паспорт авахад тавигддаг хэмжээ, өнгө дүрсний чанар шаардлагыг сайтар хангасан өөрийн цээж зургийг итгэмжилсэн хүндээ файл хэлбэрээр нь цахим /и-мэйл/ аргаар илгээх шаардлагатай юм.
Анхаарах: Тухайн паспорт нь хилээр орж ирсэн хилийн тамгаар баталгаажаагүй, цоо шинэ паспорт таны гар дээр ирэх тул итгэмжлэлээр паспорт захиалахын өмнө өөрийн ажил олгогч байгууллага эсвэл сургуулийн гадаад оюутны албанаас сайтар асууж тодруулна уу.