images

“МОНГОЛ ЦАГААН САР” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээ

2023-03-02

445

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ОХУ-ын Холбооны яамд, байгууллагуудын Монголын асуудлыг хариуцсан ажилтнуудад Цагаан сарын баяр тэмдэглэдэг уламжлал, зан заншлыг сурталчлан танилцуулах “Монгол Цагаан сар” өдөрлөгийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулав.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын гэргий, хатагтай Ж.Булганмаа өдөрлөгийг нээн мэндчилгээ дэвшүүлж, Монголчууд цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалын талаар танилцуулав.

Өдөрлөгт ОХУ-ын Гадаад хэргийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Тээврийн яам, Холбооны татварын алба, "Россельхознадзор" холбооны алба, соёлын урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын гэргий Ж.Булганмаа арга хэмжээг нээн үг хэлж, цагаан сарын баярыг Монголчууд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг тухай соёл уламжлалын талаар танилцуулав.

Энэ хүрээнд ЭСЯ-ны арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод зориулан морин хуурын аялгуу эгшиглүүлж, Монгол Улсад Сар шинийн баярыг тэмдэглэх түүх, ёс заншил, соёл уламжлалын тухай танилцуулга хийж сонирхуулав.

“Монгол Цагаан сар” өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу хүрэлцэн ирсэн зочид монгол бууз хийх үзүүлэх сургалтад гар бие оролцож, монгол бууз чимхэн, өөрсдийн чимхсэн буузаа амтлав.

 

Түүнчлэн Монгол гэрт зочилж, Монгол гэр, уламжлалт Сар шинийн тавгийн идээ, ундаа, битүүлэх ёсон, золгох ёсон зэрэгтэй танилцан, Сар шинийн уур амьсгалыг мэдэрч, монгол үндэсний дээл хувцас өмсөж сонирхов.