images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН “ОРОСЫН ТӨМӨР ЗАМУУД” НХН-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА С.А.ПАВЛОВТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Мэдээ

2023-04-03

473

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захиралын нэгдүгээр орлогч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павловтай Элчин сайдын яамны төв байранд 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр уулзалт хийж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнчлэн “Оросын төмөр замууд” НХН-ийн төмөр замаар Монгол Улс руу хийж буй тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх төмөр замын өртөөнүүдийн үйл ажиллагаатай хэрхэн уялдаж буй талаар хэлэлцэж, ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солицов.

            Уулзалтын үеэр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захиралын нэгдүгээр орлогч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павлов ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлж буй тодорхой нэр төрлийн хүнс, уул уурхай, газрын тосны салбарын бүтээгдэхүүнийг төмөр замаар саадгүй тээвэрлэхэд ихээхэн анхаарал хандуулж ажиллаж буйгаа тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын 2023 оны хаврын тариалалт, уул уурхайн салбарт шаардлагатай үрийн буудай, бордоо, тэсэлгээний бодисын 3 дугаар сард төлөвлөсөн тээвэрлэлт амжилттай хэрэгжсэнийг тэмдэглээд, 4-9 дүгээр саруудад төлөвлөгдсөн хоёр талын төмөр замаар тээвэрлэх дээрх нэр төрлийн ачааны эргэлтийг тогтвортой, найдвартай хангах чиглэлд онцгой анхаарч, хамтарч ажиллахаа оросын тал илэрхийлэв.