images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАНКНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.Ю.ИВАНОВ НАР УУЛЗАВ

Мэдээ

2023-04-07

253

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкны Удирдах зөвлөлийн дарга Д.Ю.Ивановтой түүний хүсэлтээр ажлын уулзалт хийв. Уулзалтад тус банкны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Үнэнбат, Үйлчлүүлэгчтэй харилцах газрын захирал А.В.Матвеева нар оролцов.

Д.Ю.Иванов Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкны зүгээс Монгол Улсын Хөгжлийн банк болон зарим арилжааны банкууд, «Улаанбаатар төмөр зам» зэрэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа, тухайлбал, «Улаанбаатар төмөр зам» хамтарсан нийгэмлэгт ОХУ-ын “Трансмашхолдинг” компаниас ОХУ-д үйлдвэрлэсэн дизель зүтгүүр худалдан авах төсөлд зориулж 11 хүртэлх жилийн хугацаатай 40 сая еврогийн зорилтот зээл олгосон, Монгол Улсад 2017 оноос хойш нийт 200 орчим сая еврогийн худалдааны санхүүжилтийн гүйлгээ хийгдсэн тухай мэдээлэв.

 

            Цаашид жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих «ногоон санхүүжилт», «хариуцлагатай санхүүжилт», бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй гэр ахуйн бараа худалдан авахад дэмжлэг үзүүлэх зэрэг төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээ хийж байгаа тухай танилцуулж, цаашид хоёр улсын экспортлогч, импортлогч компаниудтай харилцаа тогтоож, томоохон төслүүдийг санхүүжүүлэх сонирхолтой байгаа тухай мэдээлж, Элчин сайдын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

 

Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын арилжааны банкууд болон «Улаанбаатар төмөр зам» зэрэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, урт хугацаатай зээлийн санхүүжилт олгож байгаад болон жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаад  талархал илэрхийлж, цаашид хоёр улсын экспортлогч, импортлогч компаниудын төлбөр тооцооны асуудлаар арилжааны банкуудтай хамтран ажиллах, мөн томоохон төслүүдийг санхүүжүүлэх санаачилгыг дэмжиж ажиллах болно гэв.

 Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх ойн санг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх, ажлын байр бий болгох, хүнсний хангамжийг сайжруулах арга хэмжээнүүдэд хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.