images

ШАДАР САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ОХУ-ААС НИЙЛҮҮЛЭХ АМИН ЧУХАЛ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙН СААТЛЫГ ЯАРАЛТАЙ АРИЛГАХЫГ ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС ХҮСЭВ

Мэдээ

2023-04-26

248

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Оросын Холбооны Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Сангийн сайд А.Г.Силуановтай энэ оны 4 дүгээр сарын 25-ны өдөр уулзах үеэрээ ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх хүнсний улаан буудай болон хаврын тариалалтад амин чухал хэрэгцээтэй улаан буудайн үр, бордоо, нефть бүтээгдэхүүн, уул уурхайн үйлдвэрлэлд шаардлагатай тэслэх бодис зэрэг ачааны төлөвлөгдсөн тээвэрлэлт “Оросын төмөр замууд” НХН-ийн өртөөнүүд дээр гацаад хоёр сар шахам болж байгаа явдалд ОХУ-ын Засгийн газрын түвшинд анхааралаа хандуулж, нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг мэдэгдэж, Засгийн газрын гишүүний хувьд дэмжлэг үзүүлэхийг сайд А.Г.Силуановаас хүсэв. 

Сайд А.Г.Силуанов ОХУ-аас импортолж буй улаан буудайн үр, бордоо, тэслэх бодис, нефть бүтээгдэхүүний тээвэрлэлт гацсан асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх асуудлыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.В.Мишустинд биечлэн танилцуулж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. 

Уулзалтын мөрөөр ОХУ-ын Сангийн яамтай тохиролцсоны дагуу тус улсын төмөр замын өртөөнүүд дээр гацсан ачааны талаарх нарийвчилсан мэдээлэл бүхий албан бичгийг Элчин сайд Ө.Энхтүвшингээс сайд А.Г.Силуановт хүргүүлэв.