images

БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА Ю.ЦЭДЭНБАЛ АГСНЫ ХҮҮ Ц.ЗОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ

2023-04-27

337

Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин нар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал агсны хүү “Цэдэнбал академи”-ийн Ерөнхийлөгч, судлаач Ц.Зоригийг 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Элчин сайд Ө.Энхтүвшин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сард Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалыг цагаатгах өргөдлийг хэлэлцэн, түүнийг хэлмэгдүүлсэнд тооцож, цагаатгасантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалыг цагаатгах тухай зарлиг гаргасныг дуулгаж, Ц.Зоригийг өөрийн биеэр Улаанбаатар хотноо хүрэлцэн очиж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авахыг Монгол Улсын ЕТГ-аас хүсэлт болгосныг уламжиллаа.

Ц.Зориг Монгол Улсын ЕТГ-ын урилгыг талархан хүлээн авч буйгаа мэдэгдэж,   “Цэдэнбал академи”-ийн үйл ажиллагааны талаар танилцуулан Улаанбаатар хотноо БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал агсны музей байгуулах санаачилгаа өвөртлөн Монгол Улсад очихоо дуулгасан байна.