ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Армени Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваагн Хачатурянд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслолын арга хэмжээний дараа Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваагн Хачатурян Элчин сайд Ө.Энхтүвшинг хүлээн авч уулзав. Уулзалтаар тэрбээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Армени Улсад суух Элчин сайдын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана хэмээн найдаж буйгаа илэрхийлээд цаашид хоёр улсын харилцааг идэвхжүүлэхэд өндөр дээд түвшний харилцан айлчлалыг зохион байгуулах, Парламент хоорондын харилцааг өргөжүүлэх, Далайд гарцгүй орнуудын олон улсын хамтын ажиллагааны механизмын хүрээнд хамтарч ажиллах нь чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.
Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлаад Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүх салбарт идэвхжүүлэхэд Элчин сайдын хувьд хувь нэмэр оруулахын төлөө хичээл зүтгэл гаргаж ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал, хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад иргэд хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцолж, хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь үүнд томоохон хувь нэмэр оруулна гэж Монголын тал үзэж байгааг уламжлав. Түүнчлэн хоёр орны харилцааг бүхий л шатанд дэмжих үүднээс Монголын тал Бүгд Найрамдах Армени Улсад өөрийн Өргөмжит консулын газрыг байгуулах сонирхолтой байгааг тэмдэглэж, үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов.
Ерөнхийлөгч Ваагн Хачатурян хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болох нь хоёр улсын бизнес эрхлэгчдэд ихээхэн ач тусаа өгнө гэдгийг онцлоод Армени Улсад Монгол Улсын Өргөмжит консулын газрыг байгуулахыг бүрэн дэмжиж, үүнд онцгой анхаарал хандуулж ажиллахаа нотолжээ.