images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ХАЛИМАГИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ТЭРГҮҮН Б.С.ХАСИКОВТОЙ УУЛЗЛАА

Мэдээ

2023-06-12

263

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүн Бату Сергеевич Хасиковыг 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Элчин сайдын яамны төв байранд хүлээн авч уулзав. 

Элчин сайд, Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүн нар Монгол, Оросын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг соёл, спорт, боловсрол, хүмүүнлэг, аялал жуулчлал, худалдаа, бизнес, мал аж ахуйн чиглэлээр идэвхжүүлэн хөгжүүлэх боломжит арга замуудыг ярилцаж, угсаатан, уламжлал, оюун санаа, шашин, соёл түүхийн хувьд ойр дөт монгол, халимагийн ард түмний хэлхээ холбоог баяжуулан хөгжүүлэхэд  харилцан хүчин чармайлт тавьж ажиллахаар санал нэгдлээ.

Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүн Б.С.Хасиков 2014 онд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенког Монгол Улсад айлчлахад Холбооны Зөвлөлд Бүгд найрамдах Халимаг Улсыг төлөөлдөг сенаторын хувьд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан манай улсад зочилж байснаа дурсаад Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүний хувьд Монгол Улсад дахин очих сонирхолтой байдгаа дурдав. 

Тэрбээр Элчин сайд Ө.Энхтүвшинг Бүгд Найрамдах Халимаг Улсад тааламжтай цагтаа зочилж, халимагийн ард түмний бүтээн байгуулалт, соёл, түүхийн өв уламжлалтай танилцахыг урив.