ОХУ-ЫН ИРЭЭДҮЙН ЗАЛУУ ДИПЛОМАТЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Москва хотын Гадаад эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга А.В.Сибилева болон Москва хотын Засгийн газрын дэргэдэх Ю.Лужковын нэрэмжит Удирдлагын их сургуулийн багш, оюутнуудын төлөөллийг тус ЭСЯ-ны төв байранд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин зөвлөх Д.Өнөбилэгт зуун дамнасан дипломат харилцааны түүхтэй манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд боловсролын салбарын хамтын ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг дурдан яриа өрнүүлж, цаашид олон жилийн ах дүүгийн найрсаг харилцаатай Улаанбаатар, Москва хотуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ЭСЯ-ны зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгийг цохон тэмдэглэн байна.
Москва хотын Гадаад эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга А.В.Сибилева Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс цөг зав гарган Москва хотын Засгийн газрын дэргэдэх Ю.Лужковын нэрэмжит Удирдлагын их сургуулийн багш, оюутнуудын төлөөллийг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэнд талархал илэрхийлээд, Москва хотын өдрүүдийг ирэх 10 дугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэв.
Түүнчлэн энэ хүрээнд Москва хотын Засгийн газрын дэргэдэх Ю.Лужковын нэрэмжит Удирдлагын их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн оюутнууд тэртээ 1922 онд байгуулагдсан тус Элчин сайдын яамны 101 жилийн түүхийг илтгэх энэ оны 6 дугаар сард нээлтээ хийсэн түүхийн танхим, номын сан, оюутны хөгжлийн төвд зочилж, консулын хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Уулзалтын дараа зочид төлөөлөгчид ЭСЯ-ны 1 дүгээр байран дахь монгол гэрт зочилж, монгол үндэсний зоог барих соёлтой танилцжээ.