БУРИАДЫН НЭРТ БАРИМАЛЧИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нэрт уран барималч Б.Цэрэнжавын модон сийлбэрийн үзэсгэлэн 2023 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Москва дахь Дарвины нэрэмжит улсын музейд нээлтээ хийв.
Үзэсгэлэнгийн нээлтэд тус музейн удирдлага, Монгол болон Казахстан Улсын ЭСЯ-ны дипломат ажилтнууд, барималчийн охин Ц.Индрагийн гэр бүл,бусад зочид төлөөлөгчид оролцсон байна.
Барималчийн төрөлх нутаг болох Хойд Ага, Казахстаны Алматы хотоор уг үзэсгэлэнг аялуулаад ийнхүү Москвагийн үзэгчдэд толилуулж буй ажээ.
Энэ үеэр Б.Цэрэнжавын охин Ц.Индра аавынхаа уран бүтээлийг Монголд аваачин элэг нэгтнүүддээ толилуулах хүсэлтэй байгаагаа уламжлав.
Дарвины нэрэмжит улсын музейн захирал А.И.Клюкина үзэсгэлэнгийн нээлтийн өмнө Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга О.Янжмаа, атташе О.Чинбаяр нарыг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр музейн захирал А.И.Клюкина одоогоос 3 жилийн өмнө Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-тай хамтран Монголын палеонтологийн олдворуудын үзэсгэлэн зохион байгуулснаа онцлон тэмдэглэсэн бөгөөд цаашид хоёр улсын музейн салбарт бүхий л талаар хамтарч ажиллах боломжтой гэж мэдэгджээ.