images

ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ

2023-09-16

296

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Владивосток хотноо энэ оны 9 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн VIII чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй монголын төлөөлөгчдийг дагалдан оролцов.


Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.В.Левитин нартай тус тус уулзалт хийсэн. Эдгээр уулзалтуудын үеэр талууд  Монгол Улсын бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-д  экспортлоход тулгарч буй саад бэрхшээлийг буруулах чиглэлээр санал солилцож, тодорхой шийдэлд хүрсэн байна.


Мөн монголын төлөөлөгчид энэхүү чуулга уулзалтын хүрээнд Владивосток хотноо ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН, “Интер РАО-Экспорт” болон “Газпром” НХН зэрэг компанийн удирдлагатай тус тус уулзалт хийж,    Дорнын эдийн засгийн VIII чуулга уулзалтын хүрээнд 9 дүгээр сарын 12-ны өдөр  “Монгол-Орос” бизнес яриа, хэлэлцүүлгийг зохион байгуулав.


Элчин сайд Ө.Энхтүвшин 9 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын 30 оюутныг металлурги, үйлдвэрлэлийн автоматжуулалт, хөдөлмөр хамгааллын мэргэжлээр өөрийн зардлаар Красноярск хотод байрлах Сибирийн холбооны их сургуульд суралцуулах санал гаргасан ОХУ-ын “Русал” компани болон төслийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай харилцан ажиллаж, талуудын хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулах ёслолын арга хэмжээнд оролцсон болно.