images

МОСКВАГИЙН ОЮУТНУУД ЭСЯ-НЫ НОМЫН САНТАЙ ТАНИЛЦАВ

Мэдээ

2023-09-19

423

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон билээ.

Энэ хүрээнд "Илүү их уншъя" уриатайгаар 34 дэх удаагийн Үндэсний номын баярыг тохиолдуулан Москвагийн их, дээд сургуулиудад суралцагч монгол оюутнуудын төлөөлөл 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны II байранд үйл ажиллагаа явуулж буй номын сан, ЭСЯ-ны түүхийн танхим болон оюутан хөгжлийн төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцав.

ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны боловсролын асуудал хариуцсан I дүгээр н.б.д. О.Янжмаа шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан ЭСЯ-ны II байранд нээгдсэн номын сан, түүхийн танхим болон оюутан хөгжлийн төвд хүрэлцэн ирсэн оюутан залууст сурлагын амжилт хүсэж, тодорхой сэдвээр мэдээлэл хийжээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “Оюутан залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөхөд зориулан тус ЭСЯ-ны зүгээс энэхүү номын сан, оюутан хөгжлийн төвийг нээж тохижуулаад байна. Тиймээс оюутан залуус та бүхэн энд хүрэлцэн ирж номын сангаар үйлчлүүлэхээс гадна Москвад суралцаж буй оюутнуудын дунд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломж бүхий байртай боллоо. Цаашид тус төвд монгол бичгийн хичээл, орчуулгын дугуйлан, эрдэм шинжилгээний бага хурал, шатрын клуб гээд бүхий л талын сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахад манай ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэх болно” гэв.

Энэ үеэр ЭСЯ-ны соёл, хүмүүнлэгийн асуудал хариуцсан атташе, доктор О.Чинбаяр оюутан залууст  хандан монгол, оросын орчуулгын уран зохиолын өнөөгийн төлөв байдлын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

Уулзалтын төгсгөлд атташе О.Чинбаяр хүрэлцэн ирсэн залууст хандан “Манай оронд жил бүрийн 5 болон 9 дүгээр сард УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэдэг сайхан уламжлал тогтоод цөөнгүй жил болж байна. Уг баярын хүрээнд Москвад суралцагч оюутан залуус та бүхэн манай ЭСЯ-ны номын сантай танилцан цаашид тогтмол үйлчлүүлэхээр болсонд бид баяртай байна. Энэхүү номын өргөө нь оюутан залуус та бүхний үргэлж ирэх дуртай газрын нэг байх болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэлэв.

Дашрамд сонирхуулахад, УИХ-ын дарга  Г.Занданшатар өнгөрсөн 6 дугаар сард ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр Москва дахь Монголын ЭСЯ-ны номын сангийн нээлтийн ёслолд оролцсон билээ.

ЭСЯ хоёр улсын нийслэл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ-тай хамтран Москва хотын Засгийн газрын дэргэдэх Ю.Лужковын нэрэмжит Удирдлагын их сургуулийн сэтгүүлд нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, бүтэц, зохион байгуулалтын талаар тусгай дугаар гаргаж, идэвхтэй хамтран ажиллаж буй тус их сургуулийн багш, оюутнуудын төлөөллийг тус төвд мөн энэ сарын 15-ны өдөр хүлээн авсан болно.

Москва хотын Засгийн газрын дэргэдэх Ю.Лужковын нэрэмжит Удирдлагын их сургуулийн сэтгүүлийн Улаанбаатар хотын эрх зүй, бүтэц, зохион байгуулалтын талаарх тусгай дугаартай доорх холбоосоор орж танилцах боломжтой: https://mguu.ru/wp-content/uploads/2023/06/Vestnik_2023_02_web.pdf.