ЭСЯ-НЫ НОМЫН САН НИЙТЭД ҮЙЛЧИЛЖ ЭХЛЭВ
УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д энэ оны 6 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд албан ёсны нээлтээ хийсэн Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны номын сан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн албан ёсоор нийтэд үйлчилж эхэллээ.
Москва хотод оршин суугаа монгол болон гадаадын иргэд, тус ЭСЯ-ны дипломат болон техник, үйлчилгээний ажилтнуудад уншигчийн карт нээх бөгөөд уншлагын тохилог танхимд саатан тухалж, сонирхсон ном зохиолоо унших боломжтой болж байна.
Дашрамд дуулгахад, тус номын сангийн дэргэд ОХУ-д суугаа Монголын ЭСЯ-ны түүхийн тэнхим болон оюутны хөгжлийн төв байгуулагдсан бөгөөд Москвад сурч буй монгол оюутнуудын төлөөлөл тус төвийн үйл ажиллагаанд хамрагдаж эхлээд байна.
ЭСЯ-ны номын сангийн хаяг: Смоленская метро, Спасопесковский пер., 7/1, Москва, 121099.
Эрхэм үйлчлүүлэгч Та «Элчин сайдын яамны номын сангийн журам»-тай танилцан манай номын сангаар тав тухтай үйлчлүүлнэ үү.
Элчин сайдын 2023 оны 09 дүгээр сарын
07-ны өдрийн А/09-23 тоот тушаалын хавсралт
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа
Элчин сайдын яамны номын сангийн журам
Нэг. Нийтлэг үндэслэл
-
- Элчин сайдын яамны номын сан /цаашид "номын сан" гэнэ/ нь Элчин сайдын яамны бүтцийн бүрэлдэхүүн нэг хэсэг бөгөөд мэдээллийн төв болно.
-
- Номын сан нь ном хэвлэл цуглуулах, эмхлэн төрөлжүүлэх, хадгалах, ном, хэвлэл мэдээллээр Элчин сайдын яамны дипломат болон техник, үйлчилгээний ажилтнууд ОХУ-д оршин суугаа монгол болон гадаад иргэдэд үйлчилнэ.
-
- Номын сан хариуцсан ажилтныг Элчин сайдын тушаалаар томилж, чөлөөлөх бөгөөд ажил үүргийг хавсран гүйцэтгэж болно.
-
- Номын сан нь Монгол Улсын хууль тогтоомж, стандарт болон Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны дүрэм, журам болон бусад баримт бичгийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана. Номын сан нь тэмдэг, дардастай байж болно.
Хоёр. Үйл ажиллагааны чиглэл
Номын сан нь Элчин сайдын яамны номын фонд болон хэвлэл мэдээллийн лавлагааг үсгийн дараалал, төрөл зүйлийн ангилал, танилцуулгаар бүртгэлжүүлж, дараах үйл ажиллагааг ханган ажиллана. Үүнд:
-
- Номын сангийн сан хөмрөгийг шинэчлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, номын фондыг нэмэгдүүлэх;
-
- Номын фондын бүртгэлийг ном солилцоо, шинээр нэмэгдсэн болон алдагдсан төрөл зүйлээр ангилан хөтлөх;
-
- Номын санд байгаа ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, шаардлагатай ном, хэвлэлийг засварлах, дотоод гадаадын байгууллага, хувь хүмүүсээс бэлэглэсэн ном болон ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг хүлээн авах, бүртгэлжүүлэх;
-
- Ном, хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн /CD, VCD, дүрс бичлэг болон аудио, визуал материал г.м./-ийг хадгалах хамгаалах;
-
- Номын сангийн хэрэгцээнээс илүү давхардсан тоогоор хадгалагдаж байгаа ном, хэвлэлийг солилцох, худалдах, утга агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном хэвлэлийг холбогдох данснаас хасаж актлах, номын эргэлтийг сайжруулах;
-
- Номын сангийн тогтвортой ажиллагааг хангах, улирал бүрийн нийт хандалтын мэдээллийг цуглуулан тайлан гаргах.
Гурав. Номын сангийн үйлчилгээ
-
- Элчин сайдын яамны (цаашид ЭСЯ-ны гэх) ажилтан нь номын сангийн журмын дагуу фондоос ном, хэвлэлийг албан болон хувийн хэрэгцээнд тодорхой хугацаагаар авах ба хуулбар хийлгэхдээ номын сан хариуцсан ажилтнаас зөвшөөрөл авна.
-
- ЭСЯ-ны ажилтан нь номын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, хугацаанд нь тушаана.
-
- ЭСЯ-ны ажилтан нь номын сангийн ном, хэвлэл, хэвлэмэл бус материалыг гэмтээх ба үрэгдүүлэхгүй байх, бүрэн бүтэн байдлыг хариуцна.
-
- ЭСЯ-ны номын сан хариуцсан ажилтан уншигчийн картыг нээж, Элчин сайдын яамны дипломат болон техник, үйлчилгээний ажилтнууд, ОХУ-д оршин суугаа монгол болон гадаад иргэдэд үйлчилнэ.
-
- ЭСЯ-ны номын сан нь сар бүрийн 7 хоног тутмын мягмар, пүрэв гарагуудад 09:00-12:30 болон 14:00-17:00 цагт тогтмол үйлчилнэ.
-
- ЭСЯ-ны ажилтнуудад 2-оос дээш хувьтай номыг 7-10 хоногийн хугацаатай гэрээр олгох ба дараагийн уншигч тухайн номыг захиалаагүй тохиолдолд хугацааг сунгаж болно. Ингэхдээ ЭСЯ-ны ажилтнуудад 1 удаа 3 хүртэл ном олгоно.
-
- ЭСЯ-ны ажилтнуудад сан хөмрөгт нэг хувь байгаа ном, хэвлэлийг гэрээр олгохгүй танхимд сууж уншина.
-
- ОХУ-д оршин суугаа монгол болон гадаад иргэдэд ном, хэвлэл гэрээр олгохгүй зөвхөн танхимд сууж уншина.
-
- Номын сангаар үйлчлүүлэгчид ЭСЯ-ны II байрны жижүүрт бичиг баримтаа бүртгүүлэн тусгай зүүлт зүүж үйлчлүүлнэ.
Дөрөв. Номын сангийн ном, хэвлэлийг нөхөн төлүүлэх тухай
-
- ЭСЯ-ны ажилтан нь номын фондын хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлүүлж хохиролгүй болгоно.
-
- Ном хэвлэлийг нөхөн төлүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд ЭСЯ-ны номын сан хариуцсан ажилтан, нягтлан бодогч нар хяналт тавина.
-
- Ном, тогтмол хэвлэл, CD, аудио хуурцаг зэрэг хэвлэмэл бус материалыг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн оны болон дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн төлүүлж хохиролгүй болгоно.
-
- Номын ижил хувь нь олдоогүй буюу хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд, номын фонд бүрдүүлэлтэд шаардлагатай номын жагсаалтыг үндэслэн төлүүлэх.
-
- Номын төлбөрт хувилсан ном хэвлэл, бичлэгийн стандарт хангалтгүй CD, аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг авахгүй.
-
- Номын сан хариуцсан ажилтнаас дутсан номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах, эсвэл эрэлт хэрэгцээтэй байгаа номыг авна.
-
- ЭСЯ-ны ажилтан үрэгдүүлсэн ном хэвлэлийнхээ төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд үнийн дүнг 3 нугалж төлүүлнэ.
-
- ЭСЯ-ны ажилтны үрэгдүүлсэн ном бүтээлд зах зээлийн үнэлгээ тогтоогоогүй тохиолдолд Элчин сайдын яамны Өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрээр үнэлгээ тогтоон хохиролгүй болгож уг шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ.
Тав. Номын сангийн сан хөмрөгийг шинэчлэн баяжуулах, ном, хэвлэлийг дахин үнэлэх
-
- Элчин сайдын яамны өмч хамгаалах байнгын зөвлөлд ЭСЯ-ны номын сан хариуцсан ажилтан, нягтлан бодогч нар номын сангийн сан хөмрөгийг шинэчлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, номын фондыг нэмэгдүүлэх асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлнэ.
-
- Элчин сайдын яамны Өмч хамгаалах байнгын зөвлөлд ЭСЯ-ны номын сан хариуцсан ажилтан, нягтлан бодогч нар алдагдсан буюу үрэгдсэн ном, хэвлэлийн үнэлгээг танилцуулж, дахин үнэлнэ.
-
- Ном тооллогын үед шаардлагатай зарим ном хэвлэлийг дахин үнэлнэ.
-оОООООо-