images

МОНГОЛЧУУДЫН ШАРГУУ, АВЬЯАСЛАГ ШИНЖ ЧАНАРЫГ ҮНЭЛДГЭЭ БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД ИЛЭРХИЙЛЭВ

Мэдээ

2023-10-12

217

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин БНСУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ли До Хунтай Элчин сайдын яамны төв байранд 10 дугаар сарын 12-ны өдөр уулзаж, Монгол-БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, монгол, солонгосын ард түмнүүдийн нөхөрлөлийн сэдвээр чөлөөтэй ярилцав.

Элчин сайд Ө.Энхтүвшин энэ жил хоёр орны харилцаанд томоохон үйл явдлууд тохиосон, тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д амжилттай айлчилсныг онцлоод хоёр улсын харилцааны хүрсэн түвшинд сэтгэл ханамжтай байдгаа хэллээ. Тэрбээр монголын олон мянган иргэн БНСУ-д ажиллаж, аж төрж, сурч боловсрон амьдрал ахуй, мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ солонгос хэл, зан заншил, соёлд суралцаж, хүн хоорондын найрсаг харилцаа хөгжүүлж байгаа нь хоёр талын харилцааг өргөтгөхөд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө улс төрчид ажиллахын чухлыг дурдсантай БНСУ-ын Элчин сайд санал нийлж байгаагаа хэллээ.

Элчин сайд Ли До Хун БНСУ-ын Гадаад харилцааны яаманд дэд орлогч сайдаар ажиллаж байхдаа БНСУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааныг зохион байгуулахад оролцож, Монголоос авдаг зөвшөөрөл бүхий ажилчдын тоог нэмэгдүүлэхийн төлөө санаа тавьж байснаа дурсан монгол хүмүүсийн шаргуу, авьяаслаг шинж чанарыг үнэлдгээ хэлэхэд Элчин сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлэв.