images

ЭСЯ-НЫ ДИПЛОМАТ АЖИЛТНУУД ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Мэдээ

2023-10-20

322

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнууд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр  Москва хотын Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд зохион байгуулагдсан «Владимирцовын уншлага-VII» Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцов.

Оросын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний асуудал хариуцсан дэд захирал, түүхийн ухааны доктор В.Ц.Головачев, Элчин зөвлөх Д.Өнөбилэгт нар хурлыг нээж, мэндчилгээ дэвшүүлсэн байна.

ОХУ-ын Москва хот, Санкт-Петербург, Элиста, Улаан-Үд болон Кызыл хотуудаас хүрэлцэн ирсэн Оросын монголч  эрдэмтэд  «ХХ-ХХI зуун дахь Монгол Улсын төр ба нийгмийн өөрчлөлт» сэдвийн дор нийт 25 илтгэл тавьж хэлэлцүүлсэн ажээ.

Сонирхол татсан зарим илтгэлүүдээс дурдвал, түүхийн шинжлэх ухааны доктор В.В.Грайворонскийн «Геополитикийн хямралын нөхцөл дэх Монгол Улсын хөгжил», улс төрийн ухааны доктор А.С.Железняковын «Монголын соёл иргэншил хийгээд хараат бус аюулгүй байдлын хүчин зүйлс», нийгмийн ухааны доктор Ж.В.Гурожаповна, хэл бичгийн ухааны доктор Ч.С.Цыбенова нарын «Оросын талаарх монголчуудын үнэлгээ», түүхийн ухааны доктор А.В.Воронцовын «Монгол-Орос-Хятад гурван талт коридор төслийн өнөөгийн байдал», түүхийн шинжлэх ухааны доктор С.Л.Кузьмины «Барон Р.Ф.Унгерн 1921 онд нийслэл хотыг эзлэхээс өмнөх Гадаад Монголын нөхцөл байдал», ОХУ-ын ГХЯ-ны ажилтан, судлаач Б.Х.Кушховын «ОХУ болон БНХАУ-ын талаарх монголчуудын үзэл бодлын хувьсал (1990-2020 он хүртэл)» зэрэг олон илтгэл хуралд оролцогсдын анхаарлыг татсан байна.