МОНГОЛ СУДЛААЧ ОЮУТНУУД ЭСЯ-НЫ "ОЮУТАН ХӨГЖЛИЙН ТӨВ"-ӨӨР ЗОЧЛОВ
Москва хотын их, дээд сургуулиудад суралцаж буй монгол судлаач багш, оюутнууд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны “Оюутан хөгжлийн төв”-өөр зочилж, номын сан, түүхийн тэнхимтэй танилцаж, ОХУ дахь Монгол оюутны холбооны дэргэдэх «Утга зохиолын клуб»-ын анхдагч гишүүдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулав.
Оюутан залуусыг хоёр орны яруу найраг, утга зохиолын талаар харилцан мэдээлэл солилцох, өөрийгөө нээн хөгжүүлэхэд чиглэсэн энэ удаагийн уулзалтад Москвагийн Эдийн засгийн ухааны дээд сургуулийн багш, монгол судлаач, профессор А.Д.Цэндина, тус сургуулийн багш Л.Я.Дмитриевна болон М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн монгол судлаач оюутан залуус оролцов.
Уулзалтын үеэр монгол судлаач оюутнуудын төлөөлөл өөрсдийн их сургуулийн тухай товч танилцуулгыг сонирхуулсан бол монгол оюутнуудын төлөөлөл “Монгол, Оросын өнөөгийн соёлын харилцаа” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн байна.
Энэ үеэр монгол, орос зүйр үгс таах хөгжөөнт тоглоом тоглож, хоёр улсын түүх, хэл, соёлын тухай сонирхолтой яриа өрнүүлэв.
Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн монгол судлаач, багш оюутнуудтай ЭСЯ болон ОХУ дахь МОХ-ны дэргэдэх «Утгын зохиолын клуб» цаашид хамтран ажиллаж, Монгол Улсын хэл, соёл, түүхийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.