ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2023 оны 25 дугаар хуралдааны протоколын 2.7 дахь заалт, Монгол Улсын Шадар сайд, ЗГХК-ын Монголын талын ахлагчийн баталсан “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдааны протоколыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний 3 дугаарт заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газар хамтран 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ОХУ-ын ХЗЯ-тай хоёр улсын хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар шинжээчдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.
Цахим хэлбэрээр зохион байгуулагдсан уг зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс, ОХУ-ын хооронд 1999 онд байгуулсан “Эрх зүйн туслалцааны тухай болон иргэний болон эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай” гэрээний хүрээнд харилцан үзүүлж буй эрх зүйн туслалцааны сүүлийн 3 жилийн статистик мэдээллийг солилцож, эрх зүйн туслалцааны тодорхой зарим хүсэлтийн гүйцэтгэлийн явцын талаар тодруулга, тайлбар хийж, эрх зүйн туслалцааны өнөөгийн практикт тулгамдаж буй асуудлын талаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд шуудан харилцаа шуурхай явахгүй байгаа, шүүхийн баримт бичгийг орчуулахад багагүй хугацаа зарцуулагдаж байгаа зэрэг бодит нөхцөл байдал, шалтгаан зарим тохиолдолд эрх зүйн туслалцааны хүсэлтийн гүйцэтгэл удаашрахад нөлөөлж байгааг эс тооцвол хоёр улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцаанд тулгамдсан өөр ямар нэг асуудал байхгүйг харилцан хүлээн зөвшөөрсөн болно.
Мөн түүнчлэн ийм төрлийн уулзалт нь хоёр яам хоорондын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, түүний дотор хоёр улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны эрх, эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх чиглэлээр харилцан үзүүлж буй эрх зүйн туслалцааны хүсэлтийн гүйцэтгэлийг илүү шуурхай болгоход ач холбогдолтой болохыг тэмдэглэж, цаашид биечилсэн хэлбэрээр, тодорхой давтамжтайгаар зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзсэн болно.