ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ЛЕНИНГРАД ХОТЫГ ФАШИСТЫН БҮСЛЭЛТЭЭС БҮРЭН ЧӨЛӨӨЛСНИЙ 80 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Санкт-Петербург хотын Амбан захирагч А.Д.Бегловын урилгаар 2024 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд “Ленинград хотыг Аугаа эх орны дайны он жилүүдэд фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлсний 80 жилийн ой”-н хүндэтгэл-дурсгалын арга хэмжээнд оролцов.
Пискарёвын дурсгалт цэцэрлэгт хүрээлэнд нойрсож буй баатарлаг ленинградчуудын гэгээн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Москва ба Бүх Оросын Дээрхийн Гэгээнтэн Патриарх Кирилл, ОХУ-ын Гадаад тагнуулын албаны захирал С.Е.Нарышкин, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Баруун хойд Холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч А.В.Гуцан, Санкт-Петербург хотын Амбан захирагч А.Д.Беглов болон тус хотын Засгийн газрын гишүүд, ахмад дайчид болон гадаадын 40 гаруй орны Элчин сайд, дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн зэрэг албаны хүмүүсээс гадна олон мянган жирийн иргэд хүрэлцэн ирсэн байв.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин Санкт-Петербург хотын Амбан захирагч А.Д.Бегловтой уулзаж, “Ленинград хотыг фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлсний 80 жилийн ой”-н арга хэмжээнд урьсанд талархал илэрхийлэн баяр хүргэв. Уулзалтаар Амбан захирагч А.Д.Беглов Эх орны дайны ялалтад монголчууд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, өөрийн эцэг Дмитрий Никитич Бегловыг Халхын голын байлдаанд оролцож байсныг дурсав.
Арга хэмжээний хүрээнд Элчин сайд Ө.Энхтүвшин “Эх орон – ээж” хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Санкт-Петербург хотын “Ленрезерв” музей, “Газпром-арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон хүндэтгэлийн концертыг үзэж сонирхов.