images

ЭЛЧИН САЙД ОЮУТНУУДАА ЭРГЭЖ ЯВНА

Мэдээ

2022-10-12

169

Украинтай хил залгаа болон зэргэлдээ оршдог ОХУ-ын нэр бүхий субъектүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар хариу үйлдэл үзүүлэх дунд түвшний зэрэглэл тогтоогоод удаагүй байна. Монгол оюутнууд суралцдаг зарим бүс нутагт нөхцөл байдал амаргүй, аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдлын арга хэмжээнүүд авч эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 2022 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд ОХУ-ын зарим хотуудад томилолтоор ажиллаж, ОХУ-ын зарим их, дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж байна.

Тухайлбал, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Воронеж хотод хүрэлцэн ирж, тус хотод суралцаж буй Монгол Улсын иргэдтэй уулзалт хийв. Уулзалтад Воронежийн Улсын их сургууль, Воронежийн Анагаахын их сургууль, Агаарын цэргийн академи, ДХЯ-ны Воронежийн хууль зүйн дээд сургуульд суралцаж буй 50 гаруй оюутнууд оролцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин Воронеж хотод суралцаж буй Монгол оюутнуудын хичээл сургалт, ахуй амьдрал болон тулгамдаж буй асуудлуудын талаарх санал бодлыг нь сонсож, харилцан ярилцсан ач холбогдолтой уулзалт болов.  

Воронеж хотод суралцаж буй оюутнуудын хичээл сургалт танхимаар хэвийн явагдаж байгаа ба оюутнууд сургалт, нийгмийн хангамжтай холбоотой хэд хэдэн санал хүсэлтийг Элчин сайдад уламжилж, үүнийг нь Элчин сайд холбогдох байгууллагуудад уламжлахаа илэрхийлж, иргэдэд хичээл сургалтад нь өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Ө.Энхтүвшин 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Белгород хотод хүрэлцэн ирж, Белгородын Үндэсний Судалгааны Улсын их сургуулийн ректор болон тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудтай уулзалт хийв.

ОХУ-ын Белгородын үндэсний судалгааны улсын их сургуулийн ректор Похулин Олег Николаевич Элчин сайдыг хүлээн авч уулзан, сургуулийн үйл ажиллагаа, сүүлийн үеийн нөхцөл байдал, манай улсын оюутнуудын сургалтын явц байдал, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хэрхэх талаар санал солилцов Уулзалтад захиргааны асуудал хариуцсан проректор Геращенко Владимир Михайлович гадаад хамтын ажиллаагаа хариуцсан проректор Кучмистый Владислов Анатольевич нар оролцов.

Мөн өдөр Элчин сайд Ө.Энхтүвшин тус сургуульд суралцаж буй 4 монгол оюутантай уулзаж, хичээл сургалтын орчин, нийгмийн хангамжийн талаар оюутнуудын санал хүсэлтийг сонсож, сургуулийн удирдлагуудтай хийсэн уулзалт, яригдсан асуудал, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хэрхэх зэргийн талаар мэдээлэл өгч, ЭСЯ-тай тогтмол холбоотой байж санал хүсэлтээ тухай бүрт нь уламжилж байхыг зөвлөж, хичээл сургалтад нь амжилт хүсэв. 

Элчин сайд Ө.Энхтүвшин үргэлжлүүлэн Ростов-на Дону, Таганрог болон Волгоград хотуудад суралцаж буй монгол оюутнуудтай уулзалт хийнэ.