images

ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУРАЛД ОРОЛЦОГЧДОД МОНГОЛЫН СОЁЛ, УЛАМЖЛАЛЫГ СУРТАЛЧЛАВ

Мэдээ

2022-10-26

195

“Далай судлалын НҮБ-ын 10 жилд Орос орон” сэдэвт олон улсын оролцоотой онол, практикийн хурал Оросын Технологийн “МИРЭА” их сургуулийн “Альтаир” технопаркийн төв байранд энэ оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

 

Онол, практикийн бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй олон үндэстний үзэсгэлэнгийн ажиллагаанд Оросын Технологийн “МИРЭА” их сургуулийн монгол оюутнууд оролцож, үндэснийхээ соёл, уламжлалыг илтгэсэн үзмэр, бэлэг дурсгалын зүйлийг дэлгэн үзүүлж, магистрын хоёрдугаар курсийн оюутан, тус сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн гадаадын шилдэг оюутан Г.Мөнгөнсувд, бакалаврын нэгдүгээр курсийн оюутан Г.Итгэлт, бэлтгэл курсийн оюутан Г.Хос-Эрдэнэ, Б.Энхгэрэл, Б.Азжаргал, А.Билгүүн нар Монголын түүх, хөгжил дэвшил, монголын ард түмний зан заншил, аж төрөх ёсны талаар арга хэмжээнд оролцогч нартай халуун дотно яриа өрнүүлэв.
Хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцож, үг хэлэв. Тэрээр, Монгол Улс далайд шууд гарцгүй ч Олон улсын далайн байгууллагад 1996 онд элсэж, далайн тээврийн олон улсын 29 гэрээ, конвенц, протоколд нэгдээд байгааг тэмдэглээд манай улс монголын далбаатай усан онгоцыг нэмэгдүүлэх, далайн эргийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийгэрмэлздэг. Үүний тулд далайн орнуудын ард түмнүүдийн соёл, уламжлал, аж төрөх ёсыг нарийвчлан судлах шаардлагатай. Өнөөдрийн арга хэмжээ эл шаардлагыг тодорхой хэмжээнд хангаж байгаад, түүнчлэн монгол оюутнууд үндэснийхээ соёл, уламжлалыг хурлын оролцогч, зочдод сурталчилж буйд сэтгэл нэн хангалуун байна хэмээн хэлэв.