images

МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ 7 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД МОНГОЛ СУДЛААЧ ОЮУТНУУДЫН ДУНД ЗАРЛАСАН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛАВ

Мэдээ

2024-04-30

520

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ 2024 оны 04 дүгээр сард Монгол Улсыг сурталчлах 7 хоногийн аяныг зохион байгуулав. Энэ хүрээнд Дэлхийн номын өдрийг тохиолдуулан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус ЭСЯ-ны Номын сангийн дэргэдэх Оюутны хөгжлийн төвд монгол судлалаар суралцаж буй орос оюутнууд болон судлаачдын дунд зарласан “Богино өгүүллэг болон яруу найргийн орчуулга, эссе бичлэгийн уралдаан”-ы эцсийн шалгаруулалтыг явуулж, шилдгүүдийг тодруулав.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ “Дэлхийн номын баярын өдөр”-тэй давхацсан бөгөөд арга хэмжээнд Москва хотын Баруун хойд тойргийн Соёлын төвүүдийн нэгдлийн ерөнхий захирал С.Г.Конахевич, тус тойргийн Нэгдүгээр номын сангийн орлогч захирал Е.В.Смирнова, 242 дугаар салбар номын сангийн эрхлэгч Т.Ю.Елисеева нар хүрэлцэн ирж оролцон ЭСЯ-ны Номын санд Оросын болон гадаадын хүүхдийн уран зохиол, танин мэдэхүйн сэдэвтэй 230 ном хандивлаж, Элчин сайд Ө.Энхтүвшинд номын дээжийг өргөн барив.

Энэхүү монгол судлалаар суралцаж буй орос оюутнууд болон судлаачдын дунд зарласан “Богино өгүүллэг болон яруу найргийн орчуулга, эссе бичлэгийн уралдаан”-ыг Монгол Улсын ГХЯ, Москва дахь Элчин сайдын яам болон ОХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд тус уралдаанд Москва, Санкт-Петербург, Улаан-Үд зэрэг хотын их, дээд сургуулийн багш, оюутнууд идэвхтэй оролцлоо.

 

Богино өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс өгүүллэгийн сонголт, агуулга, үгийн сонголт, найруулга зүй зэрэг 4 шалгуур үзүүлэлтээр дүнг гаргахад Тэргүүн байранд Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан Э.А.Эрдниева Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Долгорын Цэнджавын “Тамга” өгүүллэгийн орчуулгаар, Дэд байранд мөн тус сургуулийн 4-р курсийн оюутан Г.Кулиева  зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” номонд багтсан “Үлдэнэ” эссегийн орчуулгаар, Гутгаар байранд Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн 4-р курсийн оюутан А.О.Климова зохиолч Э.Ганболдын “Алгын чинээхэн газар” өгүүллэгийн орчуулгаар тус тус шалгарав.


Тусгай байранд ОХУ-ын Дорнод Сибирийн соёлын дээд сургуулийн Утга зохиол, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор С.В.Шойбонова МЗЭ-ийн шагналт зохиолч С.Баттулгын “Тэнгэр үр” өгүүллэгийн орчуулгаар, Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн 4-р курсийн оюутан У.К.Махно Ардын уран зохиолч, төрийн соёрхолт С.Эрдэнийн “Намуун яриа” өгүүллэгийн орчуулгаар, Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн 4-р курсийн оюутан А.А.Клементьева Ардын уран зохиолч, төрийн соёрхолт Ц.Дамдинсүрэнгийн “Чөтгөр” өгүүллэгийн орчуулгаар тус тус шалгарлаа.

“Яруу найргийн орчуулга, эссе бичлэгийн уралдаан”-д Санкт-Петербургийн Их сургуулийн Дорно дахины факультетын 4 курсийн оюутан Е.Шахова Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г. Мэнд-Ооёогийн  “Цонхны наана, цаана” эссе, түүнчлэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Сумъяагийн “Нүүдэл” шүлгийн орчуулгаар Тэргүүн байр, Москвагийн Улсын их сургуулийн Ази Африкийн орнуудын дээд сургуулийн магистрант А.А.Анисимов “Монгол бичгүүдийн түүх” (монгол, орос хэл дээр) эссегээр Дэд байр, Москвагийн Улсын хэл шинжлэлийн улсын их сургуулийн 4 курсийн оюутан Э.А.Эрдниева “Ардын аман урлагийн өөрчлөлт: олон зууны туршид Халимаг соёлыг хадгалж, дасан зохицох нь” эссегээр Гутгаар байранд тус тус шалгарав.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин уралдаанд оролцогсдын шагналыг гардуулж, монгол судлалаар суралцаж буй орос оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсэв.