МОСКВАГИЙН ХҮМҮҮНЛЭГ, ЭДИЙН ЗАСГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ц.Болор, нэгдүгээр нарийн нарийн бичгийн дарга О.Янжмаа нар Москва хотын Хүмүүнлэг, эдийн засгийн улсын сургуулийн Боловсролын асуудал хариуцсан дэд захирал Сахарчук Елена Сергеевна, Шинжлэх ухааны асуудал хариуцсан дэд захирал Рязанский Валерий Владимирович, Залуучуудын бодлого хариуцсан дэд захирал Агейчева Татьяна Евгеньевна болон Ерөнхий асуудал хариуцсан дэд захирал Червинская Александра Павловна нартай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус сургууль дээр уулзав.
Уулзалтын эхэнд Шинжлэх ухааны асуудал хариуцсан дэд захирал В.В. Рязанский сургуулийн тухай танилцуулж, сүүлийн 1.5 жилийн хугацаанд сургуульдтулгарсан санхүү, хөрөнгө оруулалт, удирдлага, зохион байгуулалтын хүндрэл бэрхшээлүүдийн хүрээнд оюутны дотуур байрны засвар үйлчилгээний удаашралтай байдал, оюутны тав тухтай амьдрах нөхцөл хүндэрсэн талаарх мэдээллийг өгч, нөхцөл байдал хэдийгээр хүнд байгаа ч нийт оюутнуудынхаа эрх ашгийг харгалзан түр зохицуулалтуудыг цаг тухайд нь хийх арга хэмжээ авч ажиллаж байгаагаа илэрхийлэв.
Монгол-Оросын уламжлалт харилцааны хүрээн дэх боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны ач холбогдлыг дурдаж, Монгол Улс нь цаашид ч үндэсний боловсон хүчин бэлтгэх, хамтарсан сургалт судалгаа хэрэгжүүлэх, тэргүүлэх чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх сонирхолтой байгаагаа Ц.Болор илэрхийлж, энэ талаар санал солилцов. Тус сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үргэлжлүүлэн сургах, энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мэдэгдлээ.
Энэхүү уулзалтын хүрээнд тус сургуульд суралцдаг монгол оюутнуудын эрх ашгийг хүндэтгэн хэвийн нөхцөлд хичээл сургалтыг явуулах, тав тухтай орчинд амьдрах дотуур байраар хангах, оюутны бүртгэл, визийн асуудлыг хугацаа алдалгүй зохих журмын дагуу шийдвэрлэж байхаар тохиролцов.
Мөн түүнчлэн монгол оюутнуудыг хариуцсан мэргэжилтэнтэй байх, ЭСЯ-ны зүгээс сургуулийн боловсролын асуудал хариуцсан дэд захирал Е.С.Сахарчук-тай шууд хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтад тус сургуулийн 3 дугаар курсын оюутан Байгальмаа, 2 дугаар курсын оюутан Болормаа нар оролцов.