“МОНГОЛЫН ОРЧИН ЦАГИЙН ӨГҮҮЛЛЭГИЙН ТҮҮВЭР”-ИЙН НЭЭЛТ БЕЛГРАД ХОТНОО БОЛОВ
“Монголын орчин цагийн өгүүллэгийн түүвэр”(Антология современного монгольского рассказа) серби хэлнээ орчуулагдан гарч, 2024 оны 05 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд номын баярын цуврал арга хэмжээ БН Серби Улсын нийслэл Белград хотноо болов.
2021 онд Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд эрхлэн гаргасан уг түүврийг орчуулагч Миржана Грбич, Людмила Йоксимович нар орчуулж, “Логос” хэвлэлийн газар эрхлэн гаргасан байна.
Энэхүү арга хэмжээнд тус түүврийг санаачлагч Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Соёлын асуудал хариуцсан атташе, орчуулагч О.Чинбаяр Белград дахь Монголын Өргөмжит консул В.Столовичийн урилгаар оролцов.
Номын нээлтийн үеэр атташе О.Чинбаяр Монголын уран зохиол, монгол хэлнээ орчуулагдсан серби зохиолчдын бүтээлүүд зэрэг сэдвээр хүрэлцэн ирсэн зочид болон уншигчдад хандан мэдээлэл хийж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзаны “Бөөгийн домог” романыг “Логос” хэвлэлийн газар эрхлэн гаргахаар болсон тухай онцлон тэмдэглэв.
https://litinstitut.ru/content/mongolskaya-antologiya-perevedena-na-serbskiy