images

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНТАЙ УУЛЗАВ

Мэдээ

2024-07-04

144

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа.

Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл байдгийг нотоллоо.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны тусгай хэлэлцээр байгуулах яриа, хэлэлцээ амжилттай өрнөж байгааг Ерөнхийлөгч нар онцолж, энэ онд багтаан талууд гарын үсэг зурахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын худалдаа төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөөс гадна хамтарсан аж ахуйн нэгж, үйлдвэр байгуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт санал нэгдлээ.

2024 онд Халхын голын тулалдааны хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаагаа хоёр улсын төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Уулзалтаар мөн “УБТЗ” ХНН-ийн төв шугам, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэл, зүүн, баруун төмөр зам, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар  ярилцлаа.