images

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙД, А.А.КОЗЛОВТОЙ УУЛЗАВ

Мэдээ

2024-08-13

163

Шадар сайд С.Амарсайхан  ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын Комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов тэргүүтэй албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд эрчим хүч, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон аж.

ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлэх асуудлыг эрхэм Александр Александрович хяналтдаа авч нийлүүлэлтийг тогтвортой хангах, тэр дундаа “Евро-5” шатахууны нийлүүлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх тал дээр анхаарал тавин ажиллаж байгаад Шадар сайд С.Амарсайхан талархал илэрхийлэв.

Тэрбээр “Талууд “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаарх хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэх асуудал чухал байна.

Мөн “ДЦС-3”-ыг шинэчлэх асуудалд хамтран ажиллаж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулан, талуудын эрх ашигт нийцсэн шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 

Түүнчлэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ ондоо багтаан эцэслэн байгуулахад манай талаас ихээхэн ач холбогдол өгч буйг мөн онцлов.

Түүнчлэн манай улсын нийт ачаа эргэлтийн 72 хувийг дангаараа гүйцэтгэж ирсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиосон.

Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон энэхүү байгууллагын үр ашгийг илүү нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд “Богдхан” төмөр замын төсөл чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.