images

МОНГОЛ, ОРОСЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мэдээ

2024-09-04

126

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалаар талууд дараах баримт бичгийг байгуулав.

 

“МОНГОЛ УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор энэхүү хэлэлцээрээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг ханган ажиллаж буй Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих төслийн зураг төслийг боловсруулах, инженерийн судалгаа явуулах ерөнхий нөхцөлийг тус тус зохицуулсан.
Зураг төслийн ажлыг хийснээр талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээг байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

“ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 95 орчим хувийг Оросын Холбооны Улс эзэлж байна. Оросын Холбооны Улсын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, Оросын Холбооны Улсын Засгийн газартай газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн  холбооны гишүүн орнууд хамаарахгүй байхаар зохицуулсан.
Тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч, талууд тус хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, Оросын Холбооны Улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна.

 

 

“МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх талаар Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын түлшний хангамжийг олон улсын стандартад нийцсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах боломжийг нэмэгдүүлэхээс гадна манай улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг болох юм.

 

“БАЙГАЛ НУУР, СЭЛЭНГЭ МӨРНИЙГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурлаа.

Сэлэнгэ мөрний ай савд Эгийн усан цахилгаан станцыг байгуулахтай холбогдуулан хамтарсан байгаль орчны үнэлгээг хийх шаардлагатай байгаа тул хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэх, эл асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэх зорилгоор уг санамж бичгийг байгуулж байна.
Санамж бичгээр талууд дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтийг анхаарч ажиллахаар харилцан тохиролцов.
Энэ хүрээнд Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах,  урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох төслийн олон жилийн яриа хэлэлцээг бодитой хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлийн хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ажиллахаар тохиролцлоо.

 

“ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ТАРХВАР СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга А.Ю.Попова нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Эрүүл мэндийн яам нь Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газартай хамтран ажиллах хэлэлцээрийг 2018 онд байгуулж, эл хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны чиглэлээр идэвхтэй хамтран ажилласан.

Энэхүү хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар талууд хамтран тандалт судалгаа хийх, мэдээлэл солилцох, “Роспотребнадзор” байгууллагын харьяа эрдэм шинжилгээний байгууллагуудад тархвар судлал, нян судлалын чиглэлээр монголын мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, хамтарсан эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах, хамтарсан ажлын хэсгийн уулзалт зохион байгуулах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаануудыг хамтран хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.

 

Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл хийлээ.