images

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХАВ

Мэдээ

2024-09-04

134

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дорнын эдийн засгийн чуулганаар ярилцсан Эгийн голын цахилгаан станцын төсөл бодитой урагшилж буйд баяртай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулахын төлөө буйгаа тэмдэглэлээ. Мөн Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын үеэр ярилцсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахын төлөө байгаагаа талууд илэрхийлэв. Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулснаар Евразийн эдийн засгийн холбоо, тэр дундаа ОХУ-ын Сибирийн бүс нутгийн зах зээл рүү манай улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, хивс, цемент зэрэг бүтээгдэхүүний экспорт, худалдааг нэмэгдүүлэхэд бодит түлхэц үзүүлнэ гэдэгт талууд санал нэгдэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн талууд Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төслүүд, тухайлбал, төв тэнхлэгийн төмөр замыг хөгжүүлэх, төмөр замын зүүн коридор, олон улсын аялал жуулчлалын бүс байгуулах зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.