images

ОРОСЫН ТЭЭВРИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

Мэдээ

2024-09-19

147

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга, зөвлөх Ц.Болор, нэгдүгээр нарийн бичгийн дарга О.Янжмаа болон Москва дахь Улаанбаатар Төмөр замын  төлөөлөгчийн газрын дарга Л.Сурмаа нар Москва хотын Оросын тээврийн их сургуулийн нэгдүгээр проректор В.С.Тимонин, Гадаад харилцааны тэнхимийн декан Л.В. Лүчинина болон зөвлөх В.С Калищук нартай 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тус сургууль дээр уулзав.

Уулзалтын эхэнд Зөвлөх Ц.Болор, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад саяхан хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд зам тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн нь бидний уулзалтын цаг үетэй давхцаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Оросын уламжлалт харилцааны хүрээн дэх боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны ач холбогдлыг дурдаж, Монгол Улс үндэсний тэргүүлэх мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд зам тээврийн мэргэжилтнүүд байнга эрэлт хэрэгцээтэй байдаг талаар ярив.

Проректор В. С. Тимонин хэлэхдээ, Москва хотын Оросын тээврийн их сургууль нь дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг оросын 19 их сургуулийн нэг бөгөөд энэ чиглэлээр ОХУ-д суралцаж байгаа нийт 240 мянган оюутны 35.000 нь тус сургуулийн оюутнууд юм. Мөн Монгол Улсын олон оюутныг олон жилийн туршид суралцуулж, энэ хүрээнд 1951 оноос хойш 700 гаруй Монгол иргэн тус сургуулийг амжилттай төгссөн сайхан уламжлалтай гэж тэрээр яриандаа дурджээ. 

Уулзалтын үеэр тус их сургуульд өнөөдөр суралцаж байгаа нийт 154 монгол оюутнуудын талаар ярилцан, эдгээр оюутнуудын хичээл сурлагын байдал, ахуй амьдрал, шинээр ирсэн оюутнууд болон оюутнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээл, гаргаж буй дутагдал доголдлын талаар санал солилцсоны дараа ЭСЯ-ны төлөөлөгчид тус их сургуулийн байраар зочилж, монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийв.