images

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХИЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ «АЛТАН ГАДАС» ОДОН ГАРДУУЛАВ

Мэдээ

2024-10-01

36

Монгол Улсын Хил хамгаалах байгууллага, Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн алба хоорондын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх болон Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаар зарлигаараа ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Холбооны аюулгүй байдлын албаны төлөөлөгч асан, бэлтгэл хурандаа Е.В.Серебренников, Москва хот дахь Моссоветийн нэрэмжит Хилийн командын дээд сургуулийн тусгай факультетын дарга асан, бэлтгэл хурандаа Н.В.Зинухов болон А.А.Беззаборкин, Голицыно дахь Хилийн улс төрийн дээд сургуулийн тусгай факультетын дарга асан, бэлтгэл хурандаа В.В.Подшивалов болон Москва хот дахь Моссоветийн нэрэмжит Хилийн командын дээд сургуулийн тусгай факультетын орчуулагч багш, бэлтгэл хошууч К.Д.Бижек нарыг Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас”-гоор шагнасан болно. 




Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эдгээр шагнагдсан хүмүүсийг ЭСЯ-ны төв байранд хүлээн авч уулзан, шагналыг нь хүндэтгэлтэйгээр гардуулав. Элчин сайд Ө.Энхтүвшин баяр хүргэж хэлсэн үгэндээ энэ онд Монгол, Зөвлөлтийн дайчдын Халх голын байлдааны хамтарсан ялалтын 85 жилийн ойг ёс төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь амжилттай хэрэгжсэнийг болон хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны онцгой чухал салбар болох улсын хилийн аюулгүй байдлыг хангахад хүрэлцэн ирсэн эрхмүүдийн оруулсан хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлдгийг тус тус онцлон тэмдэглэв. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт, Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хилийн албан ёсны төлөөлөгч хурандаа Б.Ловууигнэн болон албаны бусад хүмүүс оролцов.