images

А.ЦЕНДИНАГИЙН 70 НАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Мэдээ

2024-10-14

92

Нэрт эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн ном, эрдмийн үйлсийг бүтээлчээр үргэлжлүүлж буй хэл шинжлэлийн  шинжлэх ухааны доктор, профессор Анна Дамдиновна Цендина багшийн 70 насны ойг тохиолдуулан Москва хотын Үндэсний судалгааны их сургууль - “Эдийн засгийн дээд” сургуулийн Эртний болон сонгодог дорно дахины сургууль дээр 2024 оны 10 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдав.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин нээлтийн арга хэмжээ болон нэгдсэн хуралдаанд оролцон үг хэлж, нэрт эрдэмтэнд баяр хүргэв. Элчин сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ Монголчуудын хайртай, үндэс угсаа, хэл соёлоо дээдэлдэг сод эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн гэр бүлд төрж, аавынхаа эрдэм судлалын ажлыг үргэлжлүүлэх монгол бичиг үсгийн дурсгал, Монгол-Төвөдийн утга зохиолын харилцааны талаар оюунаа чилээж яваа А.Цендинагийн Монгол судлалын эрдмийн бүтээлүүд нь монгол судлалд өөрийн гэсэн орон зайг бий болгож, тод ул мөрөө үлдээж буйг онцлон тэмдэглэв.

Тус бага хуралд Чингис хаан музейн захирал, академич, доктор, профессор С.Чулуун, Монгол Улсын их сургуулийн доктор, дэд профессор Д.Заяабаатар, тус сургуулийн зөвлөх профессор Отгонбаатар, Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, С.И.Вавиловын нэрэмжит Байгалийн шинжлэх ухааны түүх, техникийн хүрээлэн, Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетын ахмад багш, судлаачид болон Дорно дахины хүрээлэнгийн Монгол, Төвд, Хятад судлалын холбооны гишүүд илтгэл тавьж оролцсон болно.