ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ ОРОСЫН АРДЫН АЖ АХУЙ, ТӨРИЙН АЛБАНЫ АКАДЕМИД ЗОЧЛОВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид зочилж, тус Академийн тэргүүн Алексей Геннадьевич Комиссаровтой уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин Оросын ардын аж ахуй, төрийн албаны академи Монгол Улсын боловсон хүчнийг бэлтгэхэд олон жилийн турш хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн, талархал илэрхийлэв.
А.Г.Комиссаров цаашид ч Монгол Улстай хамтран ажиллахдаа бэлэн буйгаа мэдэгдэж, энэ оны 06 дугаар сард “Төрийн удирдлагын тогтолцооны дижитал өөрчлөлт” богино хугацааны сургалтад Монгол Улсын төрийн албан хаагчдыг хамруулахаар ажиллаж буй талаар мэдээлэв.
Уулзалтад Москва хотноо албан томилолтоор ажиллаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд тэргүүтэй нийслэлийн захиргааны мэргэжилтнүүд болон ЭСЯ-ны холбогдох дипломат ажилтнууд байлцав.