images

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “АУГАА ИХ ӨВ – ХАМТЫН ИРЭЭДҮЙ” ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ

2025-05-01

52

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 04 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ОХУ-ын Волгоград хотноо болсон «Аугаа их өв – хамтын ирээдүй» олон улсын чуулга уулзалтад оролцов.

Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын өдрийг угтсан энэхүү арга хэмжээнд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Европ, Ази, Латин Америкийн найрсаг орнуудын парламентын төлөөлөгчид болон түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов. Монголын талаас төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нар орж ажиллав.

Чуулга уулзалтын хүрээнд салбар болон өргөтгөсөн хуралдаанууд зохион байгуулагдав. “Түүхийн нийтлэг ой санамжийг хадгалах, хамгаалах” сэдэвт салбар хуралдаанд Монгол Улсын төлөөлөгчид оролцов.

 

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тус чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдааны үеэр илтгэл тавьж, дэлхий дахины тэр дундаа Оросын ард түмний түүхийн чухал үйл явдлуудын нэг болох 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны түүхийг ОХУ санан дурсаж, дайнд амь үрэгдсэн сая сая эх орончдынхоо алдар гавьяаг бахархан мөнхжүүлсээр ирснийг тэмдэглэв.

 

Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн бөгөөд Монгол Улс дайны туршид ЗХУ-ын холбоотон улс нь байж, “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, галт тэрэгний зургаан удаагийн цуваагаар тусламж хүргүүлснийг дурсав. Сталинград (эдүгээ баатар-хот Волгоград) хотын дэргэд болсон ширүүн тулаанд Монголын ард түмнээс илгээсэн дулаан хувцастай Улаан армийн цэргүүд Дэлхийн II дайны цаашдын хувь заяаг бүрэн эргүүлж чадсан юм. Дайн дуусахтай зэрэгцэн Монголчуудын энэ их ач тусын хариуд Зөвлөлт Холбоот Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн бусад улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлж, 1961 онд НҮБ-ын гишүүн орон болоход чухал нөлөө үзүүлсэн гэдгийг Монголын ард түмэн үргэлж санаж, талархдаг болохыг тэмдэглэв. Тэрээр өвөг дээдсийн “Аугаа их өв”, өнөөдрийн харилцан итгэлцэл, бидний хойч үеийн “Хамтын ирээдүй” нь мөнхийн хоёр хөршийн эрх тэгш, гүн бат найрамдал мөнхжин орших болтугай гэлээ.

Чуулга уулзалтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид “Сталинградын тулалдааны баатрууд” түүх-дурсгалын цогцолбор дахь мөнхийн галд цэцэг өргөх ёслолд оролцож, хүндэтгэл үзүүлэв.