images

МОНГОЛ, ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 24 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛОВ

Мэдээ

2022-11-25

675

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ОХУ-ын Москва хотноо боллоо.

Хуралдааныг монголын талаас Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, оросын талаас Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко тэргүүлж, хоёр улсын гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан яамд, агентлагийн төлөөлөл оролцов.

Хуралдааны үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, байгаль орчин, болосвролын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцон, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнүүдийг тохиролцож, дүнгээр нь Протокол байгуулав.

Монгол, Оросын Үндэсний хэсгийн дарга нар хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд 30 гаруй хувиар өссөнийг онцлов.

Түүнчлэн талууд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа зэрэг хэд хэдэн амжилттай хэрэгжиж буй төслүүдийг онцлон хэлэлцэв. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченко эрчим хүчний салбарын чухал төсөл болох ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамнуулан 50 тэрбум шоо метр хий дамжуулах байгалийн хийн хоолой барих төслийн хэрэгжилтийн явцын талаар дурдав.

ЗГХК-ын хуралдаанаар идэвхтэй хэлэлцсэн, Монголын талын сонирхож буй бас нэг асуудал ОХУ-аас Монголын зах зээлд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудал байв. Монголын талаас гаргасан газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлтийг судлан үзэж, 12 дугаар сард холбогдох шийдвэрийг гаргахаа оросын тал илэрхийлэв.

“УБТЗ” ХНН-ийн төмөр замыг шинэчлэх төслийг багтаасан 1.7 мянган км урттай төмөр замын төв коридор /Монгол-Орос-Хятад/-ын дэд бүтцийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Монгол Улсын Шадар сайд тэмдэглэв.

Оросын талаас Москва-Улаанбаатарын хооронд шууд нислэгийг сэргээх яриа хэлэлцээг эрчимжүүлэхийг санал болгов. Түүнчлэн ОХУ-ын Засгийн газар Монгол Улсын ЕБС-ийн сурагчдад орос хэл заах ажлыг үргэлжлүүлэхийг зорьж буйг Оросын хэсгийн дарга тэмдэглэв. Улмаар Улаанбаатар хотын шилдэг сургуулиудын нэг Монгол, Оросын хамтарсан дунд сургууль /Орос 3-р сургууль/-ийг хамтарсан сургуулийн хэлбэрээр үргэлжлүүлэн ажиллуулах талаар хуралдаанд оролцогчид санал нэгдэв.

Энэ удаагийн ЗГХК-ын хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд Комиссын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын ээлжит хуралдаан, Тээврийн ажлын хэсгийн 17 дугаар хуралдаан, Аж үйлдвэрийн ажлын хэсгийн 3 дугаар хуралдаан, “Нийгмийн хангамжийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тохирох ажлын хэсгийн хуралдаан, Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх хоёр талын ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт тус тус болж, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, олон чухал тохиролцоонуудад хүрэв. Энэ ондоо багтаан ЗГХК-ын хүрээнд ажилладаг бусад дэд комисс, ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулахаар тогтов.