ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ ОХУ-Д ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Москва хотноо 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын ээлжит 24 дүгээр хуралдаан болон 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Москва хотод зохион байгуулагдсан “Тээврийн долоо хоног” арга хэмжээнд тус тус оролцов. Эдгээр арга хэмжээний хүрээнд тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, ОХУ-ын Тээврийн орлогч сайд В.О.Иванов, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга О.В.Белозёров, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов болон “Газпромбанк”-ны удирдлага нартай уулзалт хийж хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагаа, тодорхой төсөл хөтөлбөрийн санхүүжүүлэлтийн асуудлыг хэлэлцсэн.
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 11 дүгээр сарын 14-ний өдөр Оросын Тээврийн их сургуулийн ректор А.А.Климов-той уулзалт хийж тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын хичээл, сургалтыг сайжруулах болон оюутны байрны хүрэлцээ, ахуйн асуудлыг шийдвэрлэхэд нь тус сургуулийн захиргаа анхааран ажиллахыг хүсэлт болгож, монголын төсөр замын боловсон хүчнийг цаашид үргэлжлүүлэн бэлтгэх асуудлаар санал солилцсон.
Уг уулзалтын дараа Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “УБТЗ” ХНН-ийн төлөөлтэй хамт тус сургуульд сурч буй 150 гаруй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийж, санал хүсэлтийг сонссон байна.
Мөн тус өдөр С.Бямбацогт сайд Москва хотын Авто замын дээд сургуулийн захирал Д.Б.Ефименкотой уулзав. Уулзалтын үеэр ОХУ-д зам, тээврийн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцож, Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.