images

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД Г.ГАНБАЯР МОСКВА ХОТНОО ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ

Мэдээ

2022-11-25

235

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр 11 дүгээр сарын 13-ны өдөр ОХУ-ын Гэгээрлийн орлогч сайд Д.Е.Грибов-той ОХУ-ын Гэгээрлийн яаманд уулзалт хийв. Уулзалтад, Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Оросын талаас, ОХУ-ын Гэгээрлийн орлогч сайдын зөвлөх О.И.Чижаковский, Олон улсын хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын Олон улсын хамтын ажиллагааны  хэлтсийн дарга Г.Д.Зубович, зөвлөх К.М.Орлова нар тус тус байлцав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын 3 дугаар сургууль болон шинээр байгуулахаар төлөвлөж буй сургуулиудын өмч, өмчлөлийн асуудал болон эрх зүйн байдлыг тодорхой болгох, тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэх, орос хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэрэг асуудлыг ярилцав.

Улмаар 11 дүгээр сарын 14-ний өдөр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын орлогч сайд Г.А.Гуров Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярыг Шинжлэх ухаан, дээд боловсролын яаманд хүлээн авч уулзав. Уулзалтад, Монголын талаас, Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Оросын талаас, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал А.А.Толпаров, Залуучуудын төрийн бодлого, хүмүүжлийн үйл ажиллагааны газрын Залуучуудын олон улсын хамтын ажиллагаа, аялал жуулчлалын хэлтсийн дарга А.А.Фомин, Олон улсын хамтын ажиллагааны газрын  Хоёр талт хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Е.В.Мещерякова, Залуучуудын төрийн бодлого, хүмүүжлийн үйл ажиллагааны газрын Залуучуудын олон улсын хамтын ажиллагаа, аялал жуулчлалын хэлтсийн зөвлөх Е.Е.Макаш нар тус тус байлцав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын их сургуулиудын салбарын үйл ажиллагаа болон их сургуулийн багш, профессор, оюутны солилцоог нэмэгдүүлэх, хамтарсан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Түүнчлэн хамтарсан их сургуулийг Монголд Улсад байгуулах боломжийн талаар ярилцсан болно.

Мөн тэрбээр Москва хотноо 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын ээлжит 24 дүгээр хуралдаанд оролцсон болно.