ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН БАЯРТ ОРОЛЦСОН МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Дэлхийн зохиолчдын байгууллага /World organization of writers/, Еврази болон Африкийн ард түмний Ассамблейн дэмжлэгтэйгээр Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан 2025 оны 3 дугаар сарны 24-ний өдөр Москвагийн Зохиолчдын төв ордонд баярын арга хэмжээ зохион байгуулсан.
Энэхүү арга хэмжээнд дэлхийн 30 гаруй хэлний бүлэгт хамаардаг 400 гаруй яруу найрагч, зохиолч, соёлын элч, төлөөлөгчид оролцжээ. Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан нэгэн зэрэг 300 оролцогч 60 секундэд багтаан энх тайвны сэдэвтэй шүлэг найраг уншиж, энх тайван, ард түмнүүдийн эв нэгдлийн төлөө дуу хоолойгоо нийлүүлэн уран уншлага хийсэн байна.
Тус арга хэмжээнд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, зохиолч Д.Жаргалсайхан, Монгол туургатны утга зохиол, өв соёлын “Дорнын гэгээн аялгуу” НҮТББ-ын тэргүүн, яруу найрагч П.Гэрэлт-Од, Монгол Улсын СТА, яруу найрагч Ч.Түмэндэмбэрэл нар урилгаар оролцож, шүлэг найргаасаа уншсан байна.
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга О.Чинбаяр 2025 оны 3 дугаар сарны 26-ны өдөр Дэлхийн зохиолчдын байгууллагын тэргүүн, яруу найрагч Маргарита Алийн урилгаар Еврази болон Африкийн ард түмний Ассамблейн төв байранд зохион байгуулсан уулзалтад оролцов.
Уулзалтад Еврази болон Африкийн ард түмний Ассамблейн гүйцэтгэх захирал С.Е.Ханутин, яруу найрагч, зохиолч Д.Жаргалсайхан, П.Гэрэлт-Од Ч.Түмэндэмбэрэл, Халимагийн яруу найрагч Елена Ользеева нар байлцсан бөгөөд энэ үеэр үндэстэн хоорондын утга зохиол, соёлын харилцааг хөгжүүлэхийн ач холбогдлын талаар ярилцаж, цаашид олон улсын зохиолчдыг нэгэн дээвэр дор нэгтгэсэн дээрх арга хэмжээнд Монголын уран бүтээлчдийг оролцуулах, Москва дахь Монгол Улсын ЭСЯ-тай хамтран утга зохиолын сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах боломжийн талаар санал солилцсон байна.