images

ХОЁР ЖИЛ ӨНЖСӨН “ДЭВЖЭЭ” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛОВ

Мэдээ

2022-04-09

204

Ковид- 19 цар тахлын улмаас хоёр жил тасалдаад байсан ОХУ-д суралцагч оюутан залуучуудын урлагийн “Дэвжээ” уламжлалт наадам 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Үндэсний судалгааны Москвагийн Барилгын улсын их сургуулийн төв байранд болов.

Наадмыг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын улсын их сургуулийн орлогч захирал В.В. Галишникова, ОХУ дахь Монгол оюутны холбооны тэргүүн Б.Анужин нар үг хэлэв.

Урлагийн олон төрөл, тухайлбал дуу, бүжиг, жүжиг, чөлөөт үзүүлбэрийг нэгтгэн авьяас чадвар, овсгоо авхаалжаараа өрсөлддөг оюутнуудын “Дэвжээ-2022” наадам Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд олон жилийн туршид үе үеийн оюутан залуучуудын сэтгэлд хоногшсон тэр л уламжлалт хэлбэрээ хадгалан дахин зохион байгуулагдаж буйд сэтгэл хангалуун байгаагаа Элчин зөвлөх Д.Өнөбилэгт тэмдэглээд наадмыг гардан зохион байгуулж байгаа ОХУ дахь Монгол Оюутны холбоо, байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүн хүчний дэмжлэг үзүүлж буй Үндэсний судалгааны Москвагийн Барилгын улсын их сургууль, авьяас чадвар, хичээл зүтгэлээ дайчлан наадамд оролцож байгаа оюутнууд болон хөгжөөн дэмжихээр ирсэн нийт үзэгчдэд талархал илэрхийлэв.

Мэндчилгээ, дуу, бүжиг, жүжиг, чөлөөт үзүүлбэр зэрэг таван төрлийн нийлбэр үнэлгээгээр наадмын дүнг гаргахад нэгдүгээр байранд Оросын Тээврийн “МИИТ” их сургуулийн “Локомотив” баг, хоёрдугаар байранд О.Е.Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн улсын их сургуулийн “Кутафинцы” баг, гуравдугаар байранд Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн “Плехановцы” баг тус тус шалгарав.

“Энэ наадамд оролцсон баг, оролцогч оюутан бүр ялагч юм. Оролцоо бол “Дэвжээ” наадмын гол уриа, иймд энэ орой одтой авхаалжтай сэргэлэн байж эхний байр эзэлсэн багуудад баяр хүргэхийн хамт шагналтнуудтай эн тэнцүү өрсөлдөж, зарим төрөлд илүү өндөр үнэлгээ авсан Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн “Flex” баг, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын улсын их сургуулийн “Каска” багийн гишүүдэд талархал илэрхийлье гэж Элчин зөвлөх Д.Өнөбилэгт шагнал гардуулах үеэр онцлон тэмдэглэв.

Наадмын шүүгчээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, найрал дууны багш, удирдаач, хөгжмийн зохиолч Б.Энхбаяр, хөгжмийн зохиолч, Монгол Улсын Консерваторын багш Т.Мөнхбаатар, Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Дэлэг нар, хөтлөгчөөр Оросын Тээврийн их сургуулийн оюутан Н.Сайханбилэг, Э.Эрдэнэсүрэн нар ажиллав.