images

МОНГОЛ ОЮУТНУУД МОСКВАД САГСАН БӨМБӨГӨӨР ӨРСӨЛДӨВ

Мэдээ

2022-05-08

171

ОХУ-д суралцагч оюутан залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн Москва хотын “Новая лига” спортын цогцолборт 2022 оны 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд болов.

Тэмцээнийг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин  хэлсэн үгэндээ “өнгөрсөн жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилсан  билээ. Тэгвэл өнөө  жил Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам байгуулагдсаны 100 жилийн түүхэн ой тохиож байна” гээд цар тахлын улмаас хоёр жил өнжсөн оюутны сагсан бөмбөгийн аваргын төлөөх 12 дахь удаагийн тэмцээнийг ОХУ дахь Монгол оюутны холбоотой хамтран Элчин сайдын яамны 100 жилийн ойг угтан зохион байгуулж буйг тэмдэглэв.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн  энэ тэмцээнд нийт 21 баг өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс н.Ууганбаяр ахлагчтай “Мөнхтэнгэр” баг тэргүүн байр эзэлж цом, алтан медаль, хоёрдугаар байрт З.Мөнхсүлд ахлагчтай “МИИТ” баг, гуравт Б.Батмөнх ахлагчтай “Гэрэгэ” баг тус тус шалгарч мөнгө, хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдээс А.Намуунзул ахлагчтай “Мөнхтэнгэр” баг тэргүүн байр эзэлж цом, алтан медаль, аман хүзүүнд Д.Нандинцэцэг ахлагчтай “МИИТ” баг, гуравт  Э.Пүрэвжаргал ахлагчтай “HSF” баг шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

Шилдэг тоглогчоор  “Мөнхтэнгэр” багийн тамирчин н.Сүх-Очир, Э.Байгал нар шалгарч,  алсын зайн шидэлтийн бооцоот тэмцээнд эмэгтэйчүүдээс Оросын Хүмүүнлэгийн улсын их сургуулийн оюутан Б.Цэлмэн, эрэгтэйчүүдээс Оросын тээврийн их сургуулийн оюутан Б.Өлзийбат түрүүлэв.