“ЯЛАЛТАД ТЭМҮҮЛСЭН МОРЬД” ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, тус ЭСЯ-ны нийт дипломат ажилтнууд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Аугаа их Эх орны Ялалтын 77 жилийн ойг тохиолдуулан Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Дайны эхний өдөр МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөл хуралдаж, Зөвлөлтийн ард түмний талд бат зогсохоо илэрхийлсэн бөгөөд маргааш нь Сүхбаатарын өргөн чөлөөнд Улаанбаатар хотын албан хаагчид, хөдөлмөрчдийн цуглаан болж, “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” уриаг дэвшүүлж, тэр ёсоор Монгол улс нийгэм, эдийн засгийн бүх нөөцөө ялалтын төлөө шавхан дайчилсан билээ.
Монголын ард түмний хандив хөрөнгөөр байгуулсан “Хувьсгалт Монгол” танкийн бригад нь Москвагаас Берлин хүртэл баатарлаг дайчин алдрын зам туулсан бол, “Монгол ард” нисэх эскадриль Калинин, Баруун болон Белорусын нэгдүгээр фронтод тулалдсан түүхтэй. Дайны он жилүүдэд Монголын ард түмний бэлэглэсэн 500 гаруй мянган агт морь эх орны дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулж, Берлин хүрсэн баатарлаг түүхтэй.
Дайны жилүүдэд тухайн үеийн БНМАУ-ын 3 жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний материаллаг тусламжийг улаан армид хүргэж, Аугаа эх орны дайны ялалтад хувь нэмэр оруулсаныг түүх мартах учиргүй. Тиймээс “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Аугаа их Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм.