images

МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАН, МАРШАЛ Г.К.ЖУКОВ НАРЫН ЦЭЭЖ БАРИМЛЫГ НЭЭВ

Мэдээ

2022-05-20

224

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, тус ЭСЯ-ны ажилтнууд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Москва хотын Ерөнхий боловсролын 1321 дүгээр дунд сургуульд байрлуулсан Маршал Х.Чойбалсан, ЗХУ-ын Баатар, Маршал Г.К.Жуков нарын цээж баримлыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан албан ёсоор нээх ёслолын ажиллагаанд оролцов.

Ёслолын ажиллагаанд хүндэт зочноор ОХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ОХУ-ын ахмад дайчдын холбооны тэргүүн, хурандаа генерал А.В.Терентьев, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Монголын хэлтсийн дарга А.Ц.Доржиев, тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд, Оросын цэргийн түүхийн холбооны эрдэм шинжилгээний зөвлөлийн тэргүүн В.Е.Чуров, ОХУ-ын “Баатруудын холбоо”-ны төлөөлөгч, ОХУ-ын баатар, дэд адмирал И.Н.Козлов, ОХУ-ын Төрийн Думын үйл ажиллагааг хангах Комиссын нэгдүгээр орлогч дарга, Монгол Улсын Парламенттай харилцах Төрийн Думын депутатуудын бүлгийн гишүүн Т.И.Дьяконова, Маршал Г.К.Жуковын зээ охин В.К.Ерохина болон 1321 дүгээр дунд сургуулийн захирал А.Р.Рэуель, тус сургуультай хамтран үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэлчдийн соёлын музейн” захирал К.В.Куксин нар оролцож, үг хэллээ.

Элчин сайд Ө.Энхтүвшин нээлтийн ёслолын ажиллагаанд хэлсэн үгэндээ хоёр улсын эдгээр нэрт төрийн зүтгэлтнүүдийн хөшөөг босгох нь түүхэн баатруудыг мөнхжүүлэх, түүхэн үнэнийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхэд туйлын чухал ач холбогдолтой болохыг тодотгож, Халх голын байлдаанд ЗХУ-ын Маршал Г.К.Жуков цэргийн өндөр ур чадвараа батлан харуулсан бол, Аугаа их Эх орны дайны үед Монголын ард түмэн бүхий л нөөц, бололцоогоо ашиглан ЗХУ-д тусламж үзүүлэхэд Маршал Х.Чойбалсан гардан зохион байгуулсан болохыг дурдав.

Мөн Халх голын баатрууд болон Аугаа их эх орны дайнд оролцсон Монгол Улсын дурсгалыг мөнхжүүлэх түүхэн ач холбогдолтой эдгээр баримлыг бүтээх санаачлагыг гаргаж, хэрэгжүүлсэн “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.А.Бабушкин, “Аллея Российской Славы” төслийн тэргүүн М.Л.Сердюков нарт чин сэтгэлийн талархал илэрхийллээ.