images

ОЮУТНУУДЫН ЭХ ОРОН, ҮНДЭСНИЙ СОЁЛОО СУРТАЛЧЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Мэдээ

2022-06-03

174

Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн монгол оюутнууд Москва хотын Баруун өмнөд тойргийн оршин суугчдад  дэлхийн улс орнуудын соёлыг сурталчлан таниулах уламжлалт  “Баруун өмнөд гараг” өдөрлөгт  энэ оны 05 дугаар сарын 14-ний өдөр оролцсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэд мөн 05 дугаар сарын 20-ны өдөр Москва мужийн Орехово-Зуево хотод зохион байгуулагдсан “Миний найз- гадаад хүн” сэдэвт залуучуудын наадамд оролцож эх орныхоо түүх, соёлыг дэлгэн харуулсан үзэсгэлэн гаргаж ажиллуулжээ.

Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн оюутнуудын эх орон, үндэсний соёлоо сурталчлах аяныг Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Монгол оюутнууд үргэлжлүүлж 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сургууль дээрээ зохион байгуулагдсан “Дэлхийн амт” олон улсын хоолны соёлын наадамд, Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн оюутнууд мөн оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан “Соёлын наадам”-д, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн оюутнууд 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан “Үндэсний хоолны өдөр”-т амжилттай оролцсон байна. Оюутнууд үндэсний төрөл бүрийн хоолны амталгаа хийхийн сацуу арга хэмжээний оролцогчдод болон зочдод Монголын түүх, соёлын талаар танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулт өгч, халуун дотно яриа өрнүүлж байв.

 

Дээрх арга хэмжээнүүд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн “Монгол хэлний орчуулагч”-ийн ангийн хоёрдугаар курсийн орос оюутнууд монгол оюутнуудтай хамтран анх удаа “Соёлын наадам”-д оролцсон ажээ.

“Соёлын наадам”-ын хүрээнд зохион байгуулагдсан концертод “Монгол хэлний орчуулагч”-ийн хоёрдугаар курсийн оюутан Гюнель Кулиевагийн бүжсэн биелгээ, бэлтгэл курсийн оюутан Н.Болормаагийн тоглосон аман хуурын аялгуу үзэгчдийн талархал, таашаалыг маш ихээр хүртэж байлаа.