images

МОСКВА ДАХЬ «ЭТНОМИР» УГСААТНЫ ЗҮЙН МУЗЕЙН МОНГОЛ ГЭРИЙГ СЭРГЭЭВ

Мэдээ

2022-08-12

197

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Оросын «Этномир» угсаатны зүйн цэцэрлэгт хүрээлэн-музей дахь 10 ханат их гэрийн өнгө зүсийг сэргээн засварлав.

ОХУ-ын нийслэл Москва хотоос 80 километрийн зайд байрлах “Этномир” Оросын хамгийн том угсаатны цэцэрлэгт хүрээлэн-музей нь олон үндэстний онцлог барилга байгууламж, үндэсний хоол, ахуй, уламжлалыг харуулах үзэсгэлэнгийн танхим, зочид буудал, зоогийн газар, үндэсний бараа бүтээгдэхүүний дэлгүүр зэргээс бүрдсэн 140 га талбай бүхий томоохон цогцолбор юм.

«Этномир» цогцолбор нь угсаатны зүйн музей төдийгүй асар том амралт зугаалгын хүрээлэн бөгөөд өдөр бүр шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу олон орны соёл, уламжлалыг сурталчлах төрөл бүрийн олон арга хэмжээ зохион байгуулдгаараа олны сонирхлыг татдаг.

Дэлхийн бүх улс үндэстнүүдийн оромж, сууцыг бодитоор танилцуулсан угсаатны зүйн музей байгуулах зорилгынхоо хүрээнд «Этномир» цогцолбор энэхүү Монгол гэрийг 2014 онд бусад үндэстнүүдийн оромжийн нэгэн адил өөрийн талбай дээр байрлуулжээ. Монголын соёл, уламжлал, ахуйг таниулах зорилго бүхий энэ гэр Москва хот болон ОХУ-ын бусад бүс нутгаас ирж буй аялагчид төдийгүй, Оросыг зорьж ирсэн гадаадын зочид гийчдийн өмнө Монгол Улсын нэр нүүр болж буй тул ЭСЯ-ны зүгээс тус гэрийн өнгө үзэмжийг сайжруулав.

Түүнчлэн «Этномир» цогцолборын үүсгэн байгуулагч Р.Ф.Байрамовтой уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэ үеэр «Этномир» цогцолборт аялал жуулчлал, амралт зугаалга, зочид буудал, зоогийн газар, үзвэр үйлчилгээ зэрэг чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн болохоо илэрхийлэв.