images

МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ

Мэдээ

2022-08-30

222

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний ээлжит уулзалт 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр болов.

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, хятадын талаас тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ма Жаөшү, оросын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Азийн 1 дүгээр газрын захирал Георгий Вениаминович Зиновьев нар ахалж оролцов. 

Тус уулзалтаар гурван талт яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, үр дүнг нэмэгдүүлэх, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэв.

КОВИД-19 цар тахлын дэгдэлт нь гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд нөлөөлж байгаа ч гурван талт яриа хэлэлцээний механизмуудыг цахимаар хуралдуулж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг талууд тэмдэглэв.

Мөн гурван улсыг холбосон хатуу болон зөөлөн дэд бүтцийн холболтыг бэхжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн нөхцлийг сайжруулж худалдааг хөнгөвчлөх асуудлаар талууд ярилцав.

Уулзалтаар дэд сайд Б.Мөнхжин цаг уурын өөрчлөлтийн эсрэг гурван тал хүч чармайлтаа нэгтгэж, байгаль орчныг хамгаалах, ойжуулалтыг дэмжих зэрэг чиглэлд үйл ажиллагаагаа уялдуулахын чухлыг тэмдэглэв.