images

МОНГОЛЫН УРАН САЙХНЫ “ХӨХӨӨ” КИНОГ МОСКВА ХОТОД ҮЗҮҮЛЭВ

Мэдээ

2023-01-19

224

2021 онд болсон “Улаанбаатар” олон улсын кино наадам болон 2022 онд ОХУ-д явагдсан “Киношок” олон улсын кино наадмын шагналт, Монголын найруулагч Жанчивдоржийн Жамьянсүрэнгийн бүтээл “Хөхөө” уран сайхны киног Москва хотын Киноны ордны Цагаан танхимд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үзүүлж, үзэгчдийн хүртээл болголоо.

“Киношок” олон улсын кино наадмаас 4 гол шагнал, тухайлбал Гран-при “Золотая лоза”, шилдэг найруулагчийн, шилдэг эрэгтэй болон эмэгтэй дүрийн шагналуудыг хамсан энэхүү кинонд эх үрсийн нандин далд холбоо, элбэрэл хайр, амьдрал-үхэл, өнгө мөнгө шүтсэн өнөө цагийн бусармаг араншинг тод томруун, сэтгэл сэртхийж, зүрх шимшрэм дүрсэлсэн байх агаад Цагаан танхимд олноороо цугларсан монгол иргэд, оюутан залуус, Москва хотын үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, бүтэн хоёр цагийн турш дэлгэцийн өмнө уяж чадлаа.

Киног Оросын кино уран бүтээлчдийн холбоо Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр анх удаа Оросын нийслэлд толилуулав.

 

Арга хэмжээг Оросын кино уран бүтээлчдийн холбооны Гадаад хамтын ажиллагааны  хэлтсийн дарга Александр Соломонов нээв. Монгол Улсын Элчин сайдын яамны зөвлөх, “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртээд удаагүй байгаа Ц.Ганболд хэлсэн үгэндээ Монголын үе үеийн кино сонирхогчид Зөвлөлтийн “Амьдрал нулимсанд дургүй”, “Вокзалд учирсан хоёр”, “Служебный роман”, “Ийм нэгэн явдал буюу ууранд суусан паян”  зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг бараг цээжилчихсэн байдгийг дурдаж, кино бүтээх арвин туршлагатай Оросын киночдыг Монголын давтагдашгүй, үзэсгэлэнт нутагт шинэ кинонуудынхаа зургийг авч, манай Соёлын яамнаас амлаж буй зардлын хөнгөлөлтийг эдлэхийг уриаллаа.

 

“Хөхөө” киног оросын үзэгчид халуун алга ташилтаар талархан хүлээж авсан бөгөөд зарим үзэгчид сэтгэгдэлээ хуваалцав. Тухайлбал, ОХУ-ын Кино уран бүтээлчдийн холбооны гишүүн, Театрын уран бүтээлчдийн холбооны гишүүн жүжигчин, кино найруулагч Т.В.Фёдоров: “Шуудхан хэлэхэд энэ кино “Киношок”-ийн тэргүүн шагналыг тохиолдлоор хүртээгүй нь тодорхой байна. Энэ бүтээл философлог, олон талаар сургамжтай юм. Зураглаачийн ажил сайн болжээ. Гол дүрийн жүжигчдийн ур чадвар өндөр түвшинд байна” хэмээн үнэлсэн бол Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд нэгэн үед соёлын харилцааны асуудал хариуцаж байсан хатагтай Ольга Ракшаева: “Нэг зүйл тов тодорхой. Монголын кино урлагт “Хөхөө” кино үзэгдэл, үйл явдал болж чаджээ. Энэ бүтээл гүн гүнзгий философийн хандлагаараа бусад киноноос ялгарч байна. Эрэгтэй болон эмэгтэй шилдэг дүрийн шагналууд эзнээ яг олжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.