images

РЕКТОР Н.Д.РОГАЛЕВ, ДИПЛОМАТЧ И.В.БОГДАШЕВ НАР ШАГНУУЛАВ

Мэдээ

2022-09-20

144

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Үндэсний судалгааны эрчим хүчний “МЭИ” их сургуулийн ректор Н.Д.Рогалев, “Найрамдал” медаль хүртсэн ОХУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн ёслолын газрын дарга И.В.Богдашев нарт  Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин шагналыг нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гардуулав.

Шагнал гардуулах ёслолын үеэр Элчин сайд хэлсэн үгэндээ Монгол Улсын Эрчим хүчний салбарын хөгжилд Үндэсний судалгааны Москвагийн эрчим хүчний их  сургуулийн оруулсан хувь нэмрийг онцлоод манай улсын үндэсний боловсон хүчнийг бэлтгэх,  хоёр орны дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаад нь профессор Н.Д.Рогалевт баяр хүргэв. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд хоёр орны дипломат алба, дипломат ажилтнууд чухал үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглээд  сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшинд хийгдсэн харилцан айлчлалуудыг оросын талаас мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсанд Гадаад хэргийн яамны Төрийн ёслолын газрын дарга И.В.Богдашевт талархал илэрхийллээ.