ЕКАТЕРИНБУРГИЙН ОЛОН УЛСЫН ЧУЛУУН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ МОНГОЛ ҮЗМЭРЭЭР БАЯЖУУЛАВ

ОХУ-ын Екатеринбург хотноо 2022 оны 7 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд болж буй XII Олон улсын аж үйлдвэрийн “ИННОПРОМ” үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. 

 Төлөөлөгчид үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Монгол, Орос хоёр улс хамтран 2021 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой”-н дурсгалд зориулж Монгол Улсаас бэлэг болгон ирүүлсэн хоёр тонны жинтэй хайлуур жоншийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Екатеринбург хотын Олон улсын чулуун цэцэрлэгт хүрээлэнд, Ази, Европ хоёр тивийн уулзвар цэг дээр хүндэтгэлтэйгээр суурилуулах ёслолын арга хэмжээнд оролцов. Тус чулуун үзмэрийг Монгол үндэсний гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй, боржин чулууг шигтгэж чимэглэсэн цагаан өнгийн суурин дээр байрлуулжээ.

 ОХУ-ын Уралын Улсын уул уурхайн их сургуулийн Уралын чулуун төвийн захирал Фират Нурмухаметов хэлэхдээ, “Монголоос авчирсан энэхүү чулуун үзмэр манай геологичдод гэнэтийн бэлэг барьсан нь түүнийг дөнгөж өнгөлж эхлэхэд чулуу нь зөөлөн байсан боловч дараа нь гурван алмазан өрөм хугарсан – сайтар ажихад дотор нь хамгийн хүчтэй кварц чулуу байж байв. Үзмэрийн суурийг чимэглэсэн боржин чулуунуудыг ч мөн Монголоос авчирсан. Тэднийг манай Уул уурхайн их сургуулийн геофизикчид авчирсан юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://vesti-ural.ru/2022/07/04/172792/