ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭВ

Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэв

 

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан ОХУ-ын нутаг дэвсгэрт хилс хэргээр амь үрэгдсэн монголчуудын дурсгалыг хүндэтгэн Москва хотын "Коммунарка" дүүрэгт байрлах Үнэн алдартны сүмийн цогцолборт босгосон хөшөөнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ЭСЯ-ны дипломатууд, ажилтнууд 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр уламжлал ёсоор цэцэг өргөж, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэв.

 

Хүндэтгэл үзүүлэх үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин  Үнэн алдартны сүмийн хамба ламтай уулзаж, бидний өвөг дээдэс нойрсож буй энэ газрыг хамгаалалтад авч, арчлан тордож байдагт талархал илэрхийллээ.

 

"Коммунарка" цогцолборын мэдээллийн самбарт “...ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын тусгай объект “Коммунарка” нь Москвад хэлмэгдэгсдийг олноор нь буудаж оршуулсан таван газрын нэг нь. ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссар Г.Г.Ягодаг 1937 онд баривчилсны дараа түүний “Коммунарка” зусланг Дотоод хэргийн ардын комиссариатын мэдэлд шилжүүлж, хүмүүсийг булшилдаг газар болгожээ. Энд булшлагдагсдын олонхи нь ЗХУ-ын болон бусад орнуудын  удирдах албан тушаалтнууд, цэргийн удирдагчид, дипломатууд, тагнуулчид, үйлдвэрийн захирлууд,  эрдэмтэд, тэдний гэр бүл, ойр дотны хүмүүс байдаг.

Зөвлөлтийн засаг нурах хүртэл “Коммунарка” нь төрийн аюулгүй байдлын байгууллагуудын хамгаалттай тусгай объект хэвээр байсан бөгөөд тус газарт хэлмэгдэгсдийг булшилсан нь 1991 онд л олон нийтэд ил болсон юм. Тус газрыг 1999 онд Холбооны аюулгүй байдлын албаны мэдлээс Оросын үнэн алдартны шашны сүмийн мэдэлд шилжүүлж 2007 онд ойр орчимд нь дахин шинээр сүмүүд баригдсан юм. Олон нийтийн “Мемориал” хөдөлгөөний санаачилгаар олон орны сайн дурынхан тусгай объектын ойр орчмыг тохижуулсан. Ингэснээр мянга мянган хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд хэдэн арван жилийн турш ор сураггүй байсан өөрсдийн өвөг дээдсийн нойрсож буй газар ирэх боломжтой болсон юм” гэж дурсан бичжээ.

 

Энэхүү эмгэнэлт газрын хөрсөн дор 60 гаруй үндэстэн ястны төлөөлөл, түүний дотор тухайн цаг үеийн золиос болж алтан амиа алдсан 400 гаруй монгол хүн  нойрсож байна. Тэдний дунд БНМАУ-ын Ерөнхий сайд Агданбуугийн Амар, Пэлжидийн Гэндэн нарын ариун цогцос оршин буй. Бас Улсын бага хурлын дарга Д.Догсом, нэрт эрдэмтэн Цэвээнжамсранов нар үүрд нойрсжээ. 

 

Энд монголчуудын дурсгалд зориулсан хөшөө босгуулах шийдвэрийг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс гаргаж, Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам гүйцэлдүүлэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм.