images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН КРАСНОЯРСКИЙН ХЯЗГААРТ АЖИЛЛАВ

Мэдээ

2023-03-03

243

ОХУ-ын Красноярск хотод тогтмол зохион байгуулагддаг Красноярскийн эдийн засгийн чуулга уулзалт энэ 3 дугаар сарын 1-3-ний өдрүүдэд “Сибирийн цаг” нэртэйгээр 19 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Уг чуулга уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. Красноярскийн хязгаарын Амбан захирагч А.В.Усс Монгол Улсын Элчин сайдыг 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Амбан захирагч А.В.Усс уулзалтын эхэнд бүс нутгийн хэмжээний эдийн засгийн чуулга уулзалтад урилгаар нь хүрэлцэн ирж оролцож байгаад Элчин сайдад талархал илэрхийлээд, Красноярскийн хязгаар Монгол Улстай худалдаа-эдийн засаг,  хөрөнгө оруулалт, газар тариалан,  мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрчим хүч, анагаах ухаан, боловсрол, урлаг соёл, аялал жуулчлал, спортын салбарт хамтран ажиллах өргөн бололцоотойг тэмдэглэж, хоер тал ойрын ирээдүйд хэрэгжүүлж болох тодорхой төсөл хөтөлбөрүүдэд Элчин сайдын анхаарлыг хандуулав.

Ноён А.В.Усс Монгол Улсад өнгөрсөн оны 6 дугаар сард айлчилснаа дурсаад тэр үеэр хоёр талын тохиролцсон ажил, арга хэмжээнүүд эхнээсээ амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газар Монгол, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгойлон анхаарч байгааг дурдаад ялангуяа ОХУ руу Монголоос хийж байгаа экспортыг нэмэгдүүлэх шаардлага байгааг тэмдэглэж, үүнд ОХУ-ын нөлөө бүхий бүс нутаг Красноярскийн хязгаар бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн Москва хотод 2022 оны 11 дүгээр сард болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дүгээр хуралдааны үеэр тохирсны дагуу ОХУ Монголын экспортын бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлттэй нөхцөл олгож, тариф, тарифын бус хязгаарлалтуудыг бууруулах тодорхой алхам хийнэ гэдэгт найдаж байгаагаа онцоллоо.

Элчин сайд Ө.Энхтүвшин мөн өдөр Красноярск хотын дарга В.В.Логиновтой уулзаж хамтын ажиллагааны хорин жилийн сайн уламжлалтай Улаанбаатар-Красноярск хотуудын хэлхээ холбоог Монголын тал цаашид ч үргэлжлүүлэх сонирхолтой байгааг нотлов.

Элчин сайд Ө.Энхтүвшин 3 дугаар сарын 2-ны өдөр Красноярскийн эдийн засгийн 19 дүгээр чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан болон худалдаа, эдийн засгийн интеграци, тээвэр логистикийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн салбар хуралдаануудад оролцож, Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон хөтөлбөр, төслүүдийг танилцууллаа. Тэрбээр “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах” талаар дэвшүүлсэн хөтөлбөр, “Транзит Монгол” зэрэг бодлогын баримт бичгүүдийг онцолж Монгол Улсад хөрөнгө оруулж, харилцан ашигтай салбаруудад хамтран ажиллахыг бүс нутгийн ажил хэрэгч хүмүүс, байгууллагуудад уриалав.

ОХУ-ын холбооны 3 субъект-тухайлбал Красноярскийн хязгаар, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Хакаси Улс хамтран хэрэгжүүлэхээр зорьж байгаа дэд бүтэц, хөрөнгө оруулалтын “Енисейн Сибирь” мега төслийн хэрэгжилтэд Элчин сайд амжилт хүсэв.