МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
2022-11-10
Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ” гэж заасан.
Дипломат харилцаа тогтоосон огноо: |
1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр |
Харилцааны түвшин, онцлог: |
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа
2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын гэрээ”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ОХУ-тай тогтоосон. |
Худалдаа, эдийн засгийн харилцаа: |
Статистик мэдээ: 2021 оны 7 дугаар сарын байдлаар нийт 1092,498 сая ам.долларын худалдаа хийснээс Монгол Улсын экспорт 60,798 сая ам.доллар, импорт 1031,7 сая ам.долларт хүрэв. 1990–2014 онд ОХУ-аас нийт 297,9 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 1991 оноос хойш 252,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Экспортын гол бүтээгдэхүүнд: зэсийн хүдэр, баяжмал, гянт болдын хүдэр, баяжмал, молибдены хүдэр, баяжмал, сүлжмэл гадуур цамц, үхэр, адууны мах, жонш, лейцит, нефелин ба нефелин сиенит, чулуун нүүрс зэрэг орж байна. Импортын гол бүтээгдэхүүнд: газрын тосны бүтээгдэхүүн, ачааны автомашин, улаан буудай, азотын бордоо, цахилгаан эрчим хүч, суудлын тээшийн ачааны өөрөө явагч биш вагон зэрэг орж байна. |
Хүмүүнлэгийн харилцаа: |
2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр” байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж эхэлсэн. 2020 онд манай 48401 иргэн ОХУ-д зорчиж, оросын 30980 иргэн Монгол Улсад зорчсон байна. Үүнээс гадна 2019 – 2020 оны хичээлийн жилд Монголоос ОХУ-д ойролцоогоор 4000 гаруй оюутан, сонсогч, аспирант суралцсан байна. Жил бүр 550 оюутныг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Оросын их, дээд сургуулиудад элсүүлэн суралцуулдаг. |
Соёлын харилцаа: |
Соёлын харилцааг өргөтгөх, Монгол Улсаа сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг авах зорилгоор ОХУ-ын иргэн А.С.Железняков, Б.У.Китинов, И.Р.Утямышев, Д.Г.Хрусталев, Д.Н.Султимов, С.В.Калмыков, Е.А.Кузьмин нарыг Монгол Улсын Соёлын элчээр томилон, ажиллуулж байна. Жил бүрийн 10-11 дүгээр саруудад Монгол, Оросын найрамдлын сарыг Улаанбаатар, Москва хотноо харилцан зохион байгуулдаг. Ялалтын баярын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнжид 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр болсон. “Монгол, Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээний хүрээнд “И.Моисеевын нэрэмжит академик чуулга” Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сард тоглолт хийв. Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд “И.А.Моисеевын нэрэмжит Оросын ардын бүжгийн эрдмийн чуулга” Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр тоглолт хийв. 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Москва мужид байрлах “Патриот” цэргийн соёл амралтын хүрээлэнд Аугаа их Эх орны дайн дахь Монгол Улсын оролцоог харуулсан уран баримлын нээлтийн ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оролцов. |
Байгуулсан гэрээ хэлэлцээрүүд: |
Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ /2019 он/, Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2014 он/ |
Хоёр талын худалдааны эргэлт (2020 он): НИЙТ |
1457,2 сая ам.доллар |
Экспорт: |
57,2 сая ам.доллар |
Импорт: |
1399,9 сая ам.доллар |
Хөрөнгө оруулалт: |
34,2 сая ам.доллар |
Дээд, өндөр хэмжээний айлчлалууд: |
|
Монголоос ОХУ-д: |
Ерөнхийлөгч 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (Аугаа эх орны дайны 65 жилийн ойн арга хэмжээнд оролцсон), 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (Аугаа эх орны дайны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон), 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийсэн. 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцов. 2019 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцсон. УИХ-ын дарга 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд, 2016 онд УИХ-ын дарга М.Энхболд, 2018 онд УИХ-ын дарга М.Энхболд Москва хотноо болсон “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцсон. Ерөнхий сайд 2010 онд Ерөнхий сайд С.Батболд. 2014, 2015, 2017 онуудад ПОУЭЗЧУ-д Ерөнхий сайдын түвшинд тус тус оролцсон. 2019 оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийсэн. |
ОХУ-аас Монголд: |
Ерөнхийлөгч 2014 онд Ерөнхийлөгч В.В.Путин (Халх голын дайны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцсон). 2019 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийсэн. (Халхын голын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсон). Засгийн газрын дарга 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад Засгийн газрын дарга Д.А.Медведев оролцсон. Парламентын танхимуудын дарга нар 2011 онд Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов (Ази, Номхон далайн Парламентын чуулга уулзалтад оролцсон), 2014 онд Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко, 2015 онд Төрийн Думын дарга С.Е.Нарышкин, 2015 онд Төрийн Думын дарга С.Е.Нарышкин (ЕАБХАБ-ын Олон улсын парламентын ассамблейн чуулганд оролцсон). |