ЭЛЧИН САЙД ӨЛЗИЙСАЙХАНЫ ЭНХТҮВШИНГИЙН МЭНДЧИЛГЭЭ
2022-11-10
Монгол, Оросын олон зууны түүхтэй эв зохицлын найрсаг харилцааг үргэлжлүүлж, хоёр орны эдүгээ цагийн иж бүрэн стратегийн түншлэлийн тунхаг, зарчмыг амьдралд хэрэгжүүлэхэд санаа тавьдаг, өөрсдийн хичээл зүтгэл, дэмжлэгээр улс хоорондын энэхүү үнэт харилцааг баяжуулагч хэн бүхэнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын хувиар хандан энэ өдрийн мэнд хүргэж буйг минь хүлээн авна уу.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Москва дахь Элчин сайдаар тохоон томилогдож ирээд төдий л удаагүй байна. Гэхдээ энэ богино хугацааны дотор хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны нэгэн зуун жилийн түүхийг дүгнэж, шинэ зууны харилцааны эхлэлийг тавьсан том үйл явдал- Монгол Улсын төрийн тэргүүний төрийн айлчлал Москвад амжилттай зохион байгуулагдлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Кремльд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажил хэрэгч хэлэлцээ хийж, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.Матвиенко, Төрийн Думын дарга В.Володин, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.Медведев нартай хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудаар санал солилцож, нааштай шийдвэрлэх арга замуудыг зөвлөлдөн ярилцаж, чухал тохиролцоонуудад хүрсэн.
Манай Элчин сайдын яамны хамт олон төрийн тэргүүний айлчлалын үеэр ОХУ-ын удирдлагуудтай хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох, хоёр талд байр суурийн зөрүүтэй олон жил явж ирсэн асуудлуудаар харилцан ойлголцох цэг олох, цөөнгүй жил гацаастай түгжигдсэн, Монгол Улсын хөгжил, монгол түмний хувь заяанд онцгой ач холбогдолтой мега төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр оны эхнээс шуурхайлан ажиллаж байна. Ингэхдээ хоёр талын харилцаанд саад тотгор болж ирсэн жижиг асуудлуудыг харилцааны өнгөрсөн зуунд үлдээж архивлан, шинэ зууны зүтгүүр, бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөрүүдийг айлын талтай яаравчлан тохирч, хэрэгжилтийг хурдацтай эхлүүлэхээр Монгол Улсын Гадаад харилцааны яам, Төвийн холбогдох бусад яам, агентлагуудтай бүтээлчээр хамтран ажиллаж байна.
Монгол, Оросын харилцаанд эдүгээ зарчмын маргаантай, шийдвэрлэгдээгүй, шийдэх боломжгүй том асуудал байхгүй. Харин харилцааны хамгийн эмзэг цэг нь худалдаа, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал болчихоод байна гэдэгтэй Оросын төрийн байгууллагууд, Монголын холбогдох яам, газрууд ч санал нийлж, жил бүр манай талд 1,4 тэрбум ам.долларын алдагдалтай хоёр орны худалдаанд үүссэн гажуудлыг залруулж, монголын экспортыг дэмжих бүх талын боломжит арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр зарчмын хувьд ойлголцолд хүрсэн.
ОХУ-ын болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудын аварга зах зээлд Монголын бараа, бүтээгдэхүүний урсгалыг эрс нэмэгдүүлэхэд туслах зорилгоор Москвагийн төвд байршилтай, хуучин БНМАУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын байрыг 2022 оны намраас монголын тал өөрийн эзэмшилд шилжүүлж, Оросын зах зээлд бараа бүтэээгдэхүүнээ худалдан борлуулах чадамжтай үндэсний аж ахуйн нэгж, компаниудаа бодитойгоор дэмжихээр ЭСЯ төлөвлөж байгааг мэдэгдэхэд таатай байна.
Манай хамт олон Монгол Улсын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх мега төсөл, Евразийн эдийн засгийн холбоотой Монгол Улс байгуулахаар судалгаа хийж буй Чөлөөт худалдааны хэлэлцээрийн төсөл, хил дамнасан усыг айлын талтай харилцан ойлголцож, зүй зохистой ашиглах, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг транзит ачааны урсгалыг нэмэгдүүлэх, монгол махыг экспортод гаргах бүх боломжийг эрэлхийлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, Монголын ойн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын хил залгаа субъектүүдээс модны суулгац, үр авах зэрэг гарт баригдаж, нүдэнд харагдахуйж бодит ажилд хүч, анхаарлаа илүүтэй хандуулан ажиллах болно.
ОХУ-д аж төрж, сурч, бизнес эрхэлж байгаа Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүддээ найрсгаар үйлчлэн туслах нь ЭСЯ-ны эрхэм үүрэг байсан, цаашид ч тийм байна гэдэгт эрхэм Та итгэлтэй байгаарай.
Энэ оны 5 дугаар сард бид бас нэгэн чухал ой тэмдэглэнэ. Энэ бол Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам байгуулагдсаны түүхт 100 жилийн ой юм. Түүхийн шарласан хуудас сөхвөөс Монгол Улсын Засгийн газраас Зөвлөлийн засагт Орос Улсад Монгол Улсын төлөөний газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэж, Ардын Засгийн газрын 1922 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 95 тоот шийдвэрээр Зөвлөлийн засагт Орос Улсад суух анхны Элчин сайдаар Ж.Давааг томилон “гүн” зэрэг өргөмжилж байжээ. Улмаар Даваа гүн 1922 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ЗСБНХОУ-ын Гүйцэтгэх хорооны дарга М.Калининд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байна. Энэ өдрийг ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам үүд хаалгаа нээсэн өдөр хэмээн үздэг.
Өнгөрсөн 100 жилд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Жамсрангийн Самбуу тэргүүтэй нэр төртэй 28 эрхэм ажилласан байх бөгөөд Өлзийсайханы Энхтүвшин миний бие 29 дэх Элчин сайд нь юм.
100 жилийн түүхээ бичиж үнэлж цэгнээд, Монгол, Оросын иж бүрэн түншлэлийн харилцааны шинэ зууны анхны оны ажлынхаа гараа руу орж байгаа манай Элчин сайдын яамны үүд хаалга Та бүхний өмнө ямагт нээлттэй байх болно гэдгийг төгсгөлд нь хэлье.
Хүндэтгэн мэндчилсэн,
Өлзийсайханы ЭНХТҮВШИН
Москва хот
2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр